Өглөөний 07.00 цаг шинэ өдөрт айлчлахад хүмүүс, хичээл сургуулийн зүг яарцгаана. Цас газарт хялмаалан, үүн дээр зэврүүн салхи хүч нэмж, бас нэгэн жихүүн өдөр үргэлжлэх нь. Буудал дээр ирээд 20 минут өнгөрчихөж. Дахиад ч 10 минут хүлээсэн ч автобус ирсэнгүй. Бөөвийн зогсох хүмүүс микро ирсэн ч суухгүй байгаа нь эдийн засгийн хямрал хүн болгоны толгой дээр бууж ирснийг сануулах мэт.


Автобус
Автобус даялзан ирж, буудлаас арай л холуур зогсов. Удаан хүлээсэн учир хүмүүс түүний араас “шуурцгаана”. Ингэнэ гэж төлөвлөсөн жолооч ухас ухасхийн урагшилна. Бужигнан чихэлдэх хүмүүсийн дунд орж үл чадан, дийлэгдэх нэг бондгор бор хүү зогсох нь нүдэнд тусав. Хүмүүс хүч үзэн орсны дараа өнөөх хүү хавчуулагдах шахам багтаж амжив. Эмээ өвөө нар үнэмлэхээ үзүүлэн, оюутнууд картаа барин, гүйх шахам дайрч орчихоод гэнэт доголж, үнэмлэх барин үнэгүй зорчих ч хүн цөөнгүй байлаа.
Тэд “үзүүлдгээ үзүүлж” дараа нь суудлын эрэлд гарцгаана.
Арайхийн орж амжсан хүү кондукторт тачигнуулах нь хүн бүхний анхаарлыг татав. “Мөнгө, мөнгө өө хурдан өгөөч ээ !” гээд л хашгичиж эхлэв. Ажил хийгээд мөнгө олох боломжтой хэдэн мянган залуус үнэгүй явах энэ нийтийн тээвэрт хэдэн бүлтгэр хүүхэд л мөнгө төлөх аж.
Нийслэлд нийт 161902 оюутан бий. Үүнээс энэ жил 113000 оюутан үнэгүй зорчих виза карт авсан байдаг. Түүнчлэн нэмэлтээр виза карт захиалсан оюутан ч цөөнгүй. Харин Улаанбаатарт 1,995,712 хүн амьдардаг. Тэгэхээр нийтийн тээврээр үнэгүй зорчиж байгаа иргэдийн багагүй хувийг оюутнууд эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 35 аж ахуй нэгжийн үндсэн, туслах буухиа чиглэлийн 1088 нийтийн тээвэр иргэдэд үйлчилдэг. Нийслэлийн 2015 оны төсөвт нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог иргэдийн нөхөн олговорт 53 тэрбум төгрөг төсөвлөж байгаа. Үүнийг нийтийн зорчигч тээврийн нэгтгэлийнхэн “энэ шийдвэр одоо алдагдалтай ажиллаж байгаа байгууллагуудын эдийн засгийг доройтуулах, цаашлаад ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, цалин хөлс, нийгмийн баталгааг алдагдуулахад хүргэж байгаа” гэж үзэж байна. Учир нь 2013 онд ахмад настан 68078, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 21889 байхад төсөвт 53.1 тэрбум төгрөг суулгаж байжээ. Гэтэл 2015 оны байдлаар дээрх тоо ахмад настан 83075, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 33934 болж 20 гаруй хувиар нэмэгдээд байгаа аж. Үүний зөрүү болох нөхөн олговорт 74 тэрбум шаадлагатайг тэд ярьж байгаа. Нийтийн тээврийн нөхөн олговорт шаардагдах 74 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор шийдвэрлэж өгөхийг хүсэж тэд шаардлага хүргүүлээд буй. Нийтийн тээврийг дагасан хэл ам тасрахгүй олон жилийг ардаа үдлээ. Цагтаа ирдэггүй, бохир заваан, харилцааны соёлгүй гэдэг шүүмжлэлийг байнга дагуулдаг энэ унаа эрдэнэт хүний аминд хүрсэн тохиолдол цөөнгүй. Цагтайгаа, эсвэл ганц хоёр хүний төлөө уралдах энэ үйлчилгээг дагасан иргэдийн бухимдал ч хэдэн жилийг дамнав. Нэг талаас үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг тэднийг буруутгах аргагүй юм.

Үнэгүй зорчдог иргэдийн нөхөн олговор зэргийг нэг талд нь багтаах сайн шийдэл бол “Ухаалаг автобус” төсөл. Энэ төслийн сураг саяхан гарч дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэхийг дуулгасан. Одоогоор бэлтгэл ажлаа базааж байгаа гэнэ. Солонгос Монголын хамтарсан “Дата карт консорциум” компани Улаанбаатар хотын нийтийн тээвэрт цахим мэдээллийн шинэ систем нэвтрүүлэх “Ухаалаг Автобус” төслийг хэрэгжүүлэхээр өнгөрсөн оны есдүгээр сард Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан залуус гээд бараг л бүх хүнийг үнэгүй зорчуулах гэж тал бүрээс нь үзэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэмлэх эзэндээ очиж буй нь мөн эргэлзээтэй юм. Үнэгүй зорчих бодолтой хэсэг бүлэг хүн танил талаа ашиглан тахир дутуу болж хувирдаг ч сурагтай. Харин үүний цаана мөнгөгүй хэмээн чичлүүлж загнуулах бяцхан үрс гээгдэж байна.
Урдуур хойгуур бүлтгэнэх тэд мөнгөгүйдээ кондукторын хойно урд гүйж, өвлийн тэсгим хүйтнээр хөөгдөж буух нь өрөвдмөөр. Хавтгайрсан олон халамжнаас татгалзаад хүүхдүүдээ нийтийн тээврээр санаа амар зорчуулдаг болгочихвол бид ирээдүйнхээ төлөө томоохон хөрөнгө оруулалт хийчихлээ гэж бодож болох юм. Хүүхдүүд даарахгүй, хөөгдөхгүй автобусаар аюулгүй зорчих нь хүн бүхэнд таатай байх болов уу.
Тачигнасан хүйтэн улам эрчээ авч, сэрүүн салхиар хүч нэмэх өглөөний хасах градус. Гадаа салхи шүгэлдэн шуурга тавьж буй нь автобусанд чихэлдэн, дүмбийн дуугүй зогсох хүмүүсээс илт давуу сонсогдоно. Элдэв хээ угалзарах цантай цонхоор хаана явж байгаа нь харагдахгүй. Чихэлдсэн хүмүүсийн дунд аль буудал дээр явж байгаагаа мэдэхийн тулд кондуктор луу чих тавилаа. Харин түүний амнаас “Мөнгө байхгүй бол буугаад өг. Тэртээ тэргүй хүмүүс багтахгүй байгааг харж байгаа биз дээ” гэсэн ширүүн дуу гарч, хүү хаа ч юм буулаа.
М.Болорцэцэг