Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүргийг иргэдийн оролцоотой хот болгох, хотын дүрэм батлуулах ажил өнгөрсөн арваннэгдүгээр сард эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд “Хотын багц дүрэм боловсруулах” төслийн хүрээнд хотын загвар дүрмийг боловсруулж, Налайх, Багануур дүүргийн иргэдэд танилцуулсан байна. Иргэдийн дунд үе шаттайгаар хэлэлцүүлэг зохион байгуулж, санал, бодлыг нь сонсох, хотын Үндсэн дүрмийн төсөлд тусгах, нэгтгэх ажлыг нийслэлийн ЗДТГ дүүргийн удирдлагуудтай хамтран зохион байгуулжээ. Ингэхдээ дүүргийн хороо бүрийн иргэний төлөөлөл Редакцийн зөвлөлд оролцож, дүүрэг тус бүр дээр ажилласан байна. Нийт 18 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг, цахим хуудсаар ирүүлсэн 150 гаруй иргэдийн саналыг хотын Үндсэн дүрэмд тусгах эсэхийг хэлэлцэж, Багануур болон Налайх хотын Үндсэн дүрмийн эцсийн найруулгыг боловсруулан өрх бүрт дахин танилцуулжээ.
Багануур, Налайх дүүргийн ИТХ, Засаг даргын шийдвэрийн дагуу “Дүүрэгт хотыг шинээр үүсгэн байгуулж, хотын үндсэн дүрмийг батлах тухай асуудлаар иргэдийн санал асуулгыг зохион байгуулах журам”-ыг баталж, санал асуулга явуулахаар болсон.
“Налайх хот”-ыг шинээр байгуулж, Налайх хотын Үндсэн дүрмийг санал асуулгын дүнд үндэслэн батлах асуудлаар санал асуулга энэ сарын 21-нд тус дүүргийн бүх хорооны санал асуулгын байранд болох бол “Багануур хот”-ыг шинээр байгуулж, Багануур хотын Үндсэн дүрмийн санал асуулгыг энэ сарын 21-22-нд тус дүүргийн таван хорооны байранд авах гэнэ. Тус дүүргийн иргэд саналаа өгөхдөө иргэний үнэмлэхтэйгээ очиж хороон дээр өгөхөөс гадна өнөөдрөөс эхлэн саналаа урьдчилан өгөх боломжтой. Мөн санал авах ажлыг зохион байгуулах хорооны Ажлын хэсэг нь биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас хорооны байранд хүрэлцэн ирж чадахгүй иргэний саналыг түүний хүсэлтээр очиж, битүүмжилсэн хайрцгаар авах юм байна.
Санал асуулгад дүүргийн сонгуулийн эрх бүхий иргэдийн 50-иас дээш хувь нь оролцож, оролцсон иргэдийн 50-иас дээш хувь нь хот байгуулахыг дэмжсэн тохиолдолд Багануур, Налайх хотыг шинээр байгуулахыг дэмжиж, Үндсэн дүрмийг санал асуулгын дүнд үндэслэн батлагдсан гэж үзэн дүүрэг, нийслэлийн ИТХ-аас уг асуудлыг дэмжин, хот байгуулах шийдвэр гаргуулахаар УИХ, Засгийн газарт санал асуулгын дүнг хүргүүлнэ.
Ингэснээр Багануур нь нүүрсний уурхай, эрчим хүч, нүүрс боловсруулах, нано технологи, барилгын материал, хөнгөн хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, тээвэр ложистикийн төв болж, 2030 он гэхэд 60.000 орчим хүн амтай хот болон хөгжих юм. Харин Налайхын өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65.000 орчим хүн амтай хот болно гэж төлөвлөжээ.