“Камертон” хамтлагийн 20 насны төрсөн өдөр энэ сарын 24-нд болох юм. 1995 оны энэ өдөр Хөгжим бүжгийн коллежийн оюутан Д.Болд, Г.Мэнд-Амар нар Б.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат хоёрт хамтран дуулах санал тавьснаар “Камертон” хамтлагийг байгуулсан түүхтэй.
Тэдний “18 нас”, “Амин нутаг”, “Чиний төрсөн өдөр” зэрэг олон дууг одоо ч залуус дуулах, сонсох дуртай хэвээрээ. Энэ жилийн төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэх гэж буйг нь тодруулахаар хамтлагийн ахлагч Д.Болдтой өчигдөр 13.30 цагт холбогдсон юм.
-Сайн байна уу. “Өнөөдөр” сонины “Утасны анд” байна аа. Танай хамтлагийн 20 жилийн ой удахгүй болох гэж байна. Хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?
-Энэ жил баяраа “Crocus Event hall”-д тэмдэглэнэ. “Vibe ФМ 105.5”-ын албан ёсны нээлттэй хамтатган “White and black” шоу зохиож, шүтэн бишрэгчидтэйгээ нэг үдшийг хамт өнгөрүүлэхээр болсон.
-Энэ өдрийн үйл ажиллагааны онцлог нь юу вэ?
-Онцлох зүйл гэвэл, энэ шоунд уригдсан зочид, хамтлаг дуучид, үзэгчид зөвхөн хар ба цагаан өнгийн хувцастай байх юм. Мөн “Никитон”, “Люмино”, “Гурван охин” зэрэг зөвхөн рок поп гэлтгүй хөгжмийн бүхий л урсгалын төлөөлөл болсон хамтлаг, дижей нар оролцох учраас үзэгчдийг уйдаахгүй сайхан шоу болно гэдэгт итгэлтэй байгаа шүү.
-Танай хамтлаг энэ өдөр ямар уран бүтээлээрээ ая барих вэ?
-Бид шоуны үеэр нэлээд олон хит дуугаа дуулахаар төлөвлөөд байгаа.
-“Камертон” хамтлаг энэ шоунаас гадна төрсөн өдрөө тохиолдуулан сонсогчдодоо ямар бэлэг барих гэж байна вэ?
-Хэд хэдэн шинэ дуу, клип гаргахаар бэлтгэж байна. Одоогоор дууныхаа нэрийг хэлэх боломжгүй. Удахгүй уран бүтээлүүд маань цацагдаж эхэлнэ.
Х.АЗЖАРГАЛ