
Эрхүү хотод тахал өвчин бүртгэгдээгүй гэж ОХУ-ын эрх баригчид Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад (ДЭМБ) мэдэгджээ. Энэ талаар ДЭМБ-ын төлөөлөгч Кристиан Линдмейер 10-р сарын 6-нд Женевт болсон товч мэдээлэлийн үеэр ярьсан байна.
Линдмейерийн хэлснээр нас барсан хүний бүх хавьтлыг тогтоож, хяналтандаа авчээ. Тэдгээр хавьтлын хэн нь ч өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд хориогоос гарсан байна. ДЭМБ “Эрхүүгийн эрсдэлийг "дунд зэргээс бага", “ОХУ-ын бусад хэсэгт "бага", Европын хувьд "маш бага" гэж үнэлснийг The Gardian мэдээлэв.
2026 оны намар Эрхүү хотын “Тахалтай тэмцэх Сибирь, Алс Дорнодын судалгааны хүрээлэнгийн ажилтан нас баржээ. 10-р сарын 2-с эхлэн Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон Телеграм сувгуудаар нас баралтын шалтгаан нь уушгины тахал байсан бөгөөд эмэгтэй ажил дээрээ ажиллаж байхдаа уг тахал өвчнөөр өвчилсөн гэх мэдээлэл гарч эхэлсэн.
Роспотребнадзор (ОХУ-ын хэрэглэгчийн хянан шалгах, хяналтын байгууллага) шалгалтаар тус хүрээлэнд эмгэг төрүүлэгчтэй холбоотой осол гараагүй болохыг тогтоожээ. Цаашилбал, дээрх ажилтны өвчлөлийн дараа өргөн хүрээтэй судалгаа хийж, биопсийн дээжинд түүний ажилтай холбоотой бичил биетэн илрээгүй байна.
Мөн сүүлийн арван хоногийн хугацаанд Тахлын эсрэг хүрээлэнгийн ажилтнуудын дунд халдварт өвчин бүртгэгдээгүй гэж тус байгууллага мэдэгдэв. Шинжилгээгээр COVID-19-ийн хоёр, риновирусийн халдварын хоёр тохиолдол илэрсэн байна.