“Херо энтертайнмент групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Баатарыг цагдан хорих Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авсангүй. Түүнийг үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэгт холбогдуулан тагнуулынхан шалгаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал хүргүүлсэн юм. Зарим хүн энэ өдөр (аравдугаар сарын 2) түүнийг “Тагнуулын 10-аад залуус гэрийнх нь гаднаас баривчилж авч явлаа. Гар утсанд нь үзлэг хийсэн гэнэ. Өмгөөлөгчтэй болж амжсан уу” гэх мэтээр олон нийтийн сүлжээнд бичиж байсан. Гэвч дээрх шүүхэд 13.30 цагт товлогдсон хуралд Б.Баатар мөрдөгчдөөр “хөтлүүлээгүй”, өөрөө ирсэн юм. Мөн түүний гэр бүлийн хүн болох жүжигчин, мисс А.Баярцэцэг тэргүүтэй хүмүүс ирсэн бөгөөд эхнэр нь “Улс төрийн явуулга байна. “Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид үүнийг эсэргүүцэж байгаа. Хоёр жилийн хугацаанд энэ жүжгийн бүх санхүүгийн баримтыг шалгуулсан ч юу ч олоогүй учраас өөр зүйлээр, үндэсний эв нэгдлийг бусниулах гэх заалтын дагуу цагдан хорих гэж оролдож байна. Заавал цагдан хорилгүйгээр шалгаач гэсэн хүсэлт бид өгсөн” хэмээв.
Хурал эхлэхэд Б.Баатар болон түүний өмгөөлөгч нар таслан сэргийлэх арга хэмжээг хэлэлцэх шүүгч Э.Энхтүвшингээс татгалзсан. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийнхэн татгалзлыг хэлэлцээд үндэслэлгүй гэж үзсэн тул уг шүүгч хурлаа үргэлжлүүлэн хийгээд НПГ-ын хяналтын прокурорын саналыг хүлээн авахаас татгалзлаа. Прокурор нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах үндэслэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэж үзсэн аж. Харин шүүх прокурорын санал, хавтаст хэрэгт цугларсан баримт, өмгөөлөгчийн болон Б.Баатарын тайлбар зэргийг хянаад “Хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд яллагдагч Б.Баатар нь цаашид шинээр гэмт хэрэг үйлдэх, эсхүл холбогдсон гэмт хэргээ үргэлжлүүлэн үйлдэж төгсгөх бодит эрсдэлтэй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, яллагдагчийг эрх чөлөөтэй байлгасан тохиолдолд ямар гэмт хэрэг дахин үйлдэх, эсхүл ямар үйлдлийг үргэлжлүүлэн төгсгөх эрсдэлтэй байгаа, уг эрсдэл нь ямар бодит нөхцөл байдал үүсээд буйг хангалттай нотолж чадаагүй. Иймд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэлийг таамаглалд тулгуурлах нь үндэслэл болохгүй тул яллагдагч Б.Баатарт авах цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ” хэмээсэн юм.
Б.Баатарт есдүгээр сарын 25-ны баасан гарагт бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, мөнгө угаасан үндэслэлээр хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй билээ.