Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
УИХ дахь хуульч гишүүдийн нэг Х.Тэмүүжин парламентад гурав дахиа сонгогдон ажиллаж буй. Эрдэм номын мөр хөөсөн, багш, судлаач залуу 2008 онд анх УИХ-ын босгыг алхахдаа 37 настай байжээ. Тэрбээр МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр дүүргэснээсээ хойш УИХ-ын гишүүнээр сонгогдох хүртлээ Хууль зүйн сургуульдаа багшилсан байдаг. Улмаар 2012 онд улиран сонгогдож, Н.Алтанхуягийн Засгийн газрын Хууль зүйн сайдаар хоёр жил гаруйн турш ажилласан юм. АН “лааз өшиглөсөн” найман жилд тэр ч бас УИХ-ын босго давж чадсангүй. Ингээд 2024 онд эргэн ирсэн байх нь.
Гурав дахиа сонгогдсоноосоо хойш тэрбээр парламентын бие даасан байдлыг хангах, эрх мэдлийн хуваарилалтын алдааг засахаар хичээж, үгээ хүргэсээр буй. Үүний тулд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачилж, гурван зүйлийг хөндсөн юм. Уг төсөл нь УИХ-ын дарга нам бус байх, парламентын Засгийн газрыг хянах чадвар суларч буйг засахын тулд Ерөнхий сайдыг энгийн гишүүний адил бусадтайгаа зэрэгцэн суулгадаг болгох, “давхар дээл”-тэй сайдын тоог цөөрүүлэх, мөн сөрөг хүчний чадавхыг бэхжүүлэх агуулгатай байв. МАН-ынхан эдгээрийг салгаж хэлэлцүүлээч гэж хүссэнийг тэрбээр ёсоор болгосон. Улмаар Засгийн газрын мэдээллийн цагаар сайд нар нэгдсэн чуулганд төлөвлөж, гишүүдэд танилцуулсан асуудлаа бус, дуртай сэдвээрээ “ярьдаг” байдлыг өөрчлөөд байна. Үүнийг УИХ-ын асуулгын цаг болгож, сард нэг удаа Засгийн газрын гишүүдээс хүссэн мэдээлэл, тодруулгаа авах, мэтгэлцэх боломж бүрдүүлсэн. Бусад хоёр зохицуулалт нь хэлэлцүүлгийн шатандаа гацаад буй. Энэ мэтээр өөрчлөлт, реформ хийх чиглэлд хуруу нэмэрлэдэг, харьцангуй тулхтай хуульчийн хувиар түүний үгийг олон нийт анхаарч сонсдогтой хэн ч маргахгүй.
Гэхдээ Х.Тэмүүжин ямар ч алдаагүй, цагаан цаас шиг улс төрч байсангүй. Улс төрийн замналд нь тохиосон ноцтой ганц л “хар толбо” түүнд бий. 2014 онд Хууль зүйн сайд байхдаа тэрбээр Г.Сарангэрэл хэмээх 19 настай охины “сайн ах”-аар тодорч, нийгмийг шуугиулаад авсан юм. Хар тамхины хэрэгт нэр холбогдон хоригдож байсан дээрх эмэгтэй түүнтэй амрагийн холбоотой тухайгаа ярьснаар Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байх ёс зүйгүй хүн хэмээн шүүмжлүүлж, огцруулах асуудлыг хөндөж байлаа. Эдүгээ УИХ-д түүнтэй мөр зэрэгцэн сууж буй сэтгүүлч Л.Мөнхбаясгалан тухайн үед “Цензургүй яриа” нэвтрүүлэгтээ Г.Сарангэрэлийг оролцуулж, эл холбоо харилцааг нь “түгээсэн” түүхтэй. Өнөөх эмэгтэйн байр суурь удалгүй өөрчлөгдөж, сайдыг таних хэдий ч өөр холбоогүй хэмээн мэдэгдсэн. Ингэж цуурхал тараахыг хуулийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд албадсан тухай өмгөөлөгчтэйгөө сууж байгаад мэдээлэл хийж байв. Энэ бүхэн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаас огцруулах улс төрийн зорилготой өгөөш байсан ч гэдэг. Тэрбээр сайд байхдаа цагдаагийн албаны бүтэц, тогтолцоог шинэчилж, гэрчийг хамгаалах Тахарын алба байгуулсан. Шүүх, цагдаа, хуулийн байгууллагад хүний эрхийг дээдлэх өөрчлөлт, реформ хийхээр оролдсон юм. Гэвч эл салбарт “хөдөлгөөн” хийхийг эсэргүүцдэг хүн цөөнгүй. Тэд сайдыгаа хууль бусаар тагнаж чагнаж байсан тухай мэдээлэл бий. Дээрх сенсацыг зохион байгуулсан, өөрийг нь тагнасан албан тушаалтнууд ил болсныг тэрбээр жилийн дараа цахим хуудсандаа мэдээлсэн юм даг. Эсрэг талаас шидсэн өгөөшийг Х.Тэмүүжин тодорхой хэмжээнд үмхсэн байж мэдэх. Уг нь түүнийг архи, тамхи хэрэглэдэггүй, ан сонирхдоггүй нэгэн гэдэг юм билээ. Ямартай ч түүнтэй холбоотой “сайн ах”-ын дуулианаас хагас жилийн дараа АН дахь “Шонхор” фракцынхан МАН-тай хамтран Засгийн газрыг огцруулснаар дээрх асуудал мартагдсан юм.
Үүнээс гадна сайд байх үед төрсөн дүү нь БСШУЯ-нд газрын дарга болсон нь бас шүүмжлэл дагуулсан. Өнгөрсөн онд түүний туслах, зөвлөх байсан хоёр хүнийг хуулийн байгууллагаас шалгаж, цагдан хорьсон тухай мэдээлэл гарав. Энэ талаар тэрбээр “Хуулийн байгууллагаас надтай холбогдсон зүйл алга. Ер нь жилийн өмнөөс 50-иас дээш настай, Ерөнхийлөгчид нэр дэвшиж болзошгүй гэх хүмүүст хэрэг зохиогоод явж буй гэж сонссон. Миний туслах, зөвлөх хоёр ажлаа хийгээд явж байна” гэжээ. Х.Тэмүүжин 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр намын дотоод сунгаандаа оролцсон ч шударга бус өрсөлдөөнийг эсэргүүцэн нэрээ татсан удаатай. Ирэх онд болох Төрийн тэргүүний сонгуульд ч нэр дэвших магадлал, боломжтой горилогчдын тоонд түүнийг оруулан тооцож байна.