ОХУ-ын Эрхүүгийн Сибирь, Алс Дорнодын тахалтай тэмцэх эрдэм шинжилгээний хүрээлэнд лабораторийн ажилтан байсан 28 настай эмэгтэй энэ сарын 2-нд шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа гэх оношоор нас барсан. Түүний нас барсан шалтгааны талаар Оросын хэвлэлүүдэд хэд хэдэн хувилбар нийтлэгдсэний нэг нь тарваган тахлын халдвар авсан гэх мэдээлэл байв. Харин үүнийг тус улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхан байдлын хяналтын холбооны албанаас үгүйсгэсэн юм. Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаагаар амиа алдсан нь халдварт өвчин байж болзошгүй хэмээн халдвар хамгааллын арга хэмжээ авч буй.
Үүнтэй холбоотойгоор манай Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын, Халдварт өвчин судлалын, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн хамтран эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийжээ. Үнэлгээгээр Монгол Улсад үүсэх эрсдэлийг “бага” гэж тодорхойлсон байна. Гэхдээ болзошгүй эрсдэлээс сэргийлэх, тандалт, хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор ЭМЯ-наас холбогдох байгууллагад чиглэл хүргүүлэв. Тухайлбал, дээрх эрдэм шинжилгээний хүрээлэнгээс албан ёсны мэдээллийг тогтмол авч, нөхцөл байдлын тандалт хийх, холбогдох байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангахыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөнд үүрэг болгов. Мөн хилийн нэвтрэх цэгүүдийн хяналтыг сайжруулах, шаардлагатай нөөц, бэлэн байдлыг хангахыг Гаалийн ерөнхий газарт даалгажээ. Ташрамд дуулгахад, хавьтал болсон иргэдэд эмнэлгийн ажиглалт хийж дуусаж буй бөгөөд лабораторийн шинжилгээгээр “Ковид-19”, риновирусний халдварын тус тус хоёр тохиолдол илэрсэн гэнэ.
Ч.Болор