“Монгол Улсыг нэг байшин гэж төсөөлье. Харахад боломжийн, гэвч дээврээс нь борооны ус гоожиж, зарим өрөөнийх нь ханын цаас урагдсан. Дотор нь амьдардаг хүмүүс гаднаас хэн нэгэн ирж байшинг нь засахыг хүлээсээр залхжээ. Тэд өөрсдөө л гэрээ өөд татах ёстой гэдгээ ойлгосон байна”. Өнөөдөр манай улс авлигын индексээр дэлхийн 182 орноос 124-т эрэмбэлэгдэж буй. Мөн сүүлийн хэдхэн жилд үнийн хөөрөгдөл хэрээс хэтэрч, хүн амын 46 хувийнх нь амьжиргаа дордсоныг судалгааны дүн харуулав. Гэтэл энэ бүхнийг улс төрийн аль нэг хүчин засаж чадах уу гэхэд судалгаанд оролцсон иргэдийн 37.5 нь “Чадахгүй” хэмээжээ. Тэгвэл хэн чадах вэ. Эл асуултад “Нэг Монгол-реформ” үндэсний хөдөлгөөнийг санаачлагчид “Бид өөрсдөө” хэмээн хариулж байна. Үүнийг “Реформ” клуб, “Нэг Монгол” хөдөлгөөнийхөн хамтран байгуулснаа өчигдөр зарлав.
Улс орны бүх шатанд шахам шударга ёс алдагдсан, үүнийг засаж өөрчлөх ёстой гэсэн үзэл бодолтой хэсэг залуу нэгдэж, “Реформ” клуб байгуулан, энэ сарын 3-нд анхны хуралдаанаа хийсэн аж. Реформ хийх оролдлого манай улсад шинэ биш. Харин тэд энэ удаа илүү хол явж, үр дүнд хүрэхийн тулд олуулаа болох, иргэн бүрийн оролцоог хангах арга замыг сонгосон байна. Ингэхдээ хуулийн хүрээнд, төлөвлөгөө, дэс дараатай ажиллая гэжээ. Тус клубт эрдэмтэн, судлаач, бизнес эрхлэгч гээд салбар бүрийн залуус нэгдсэн. Өөрсдөө үл ойшоосон, идэвхтэй оролцоогүй учраас нөхцөл байдал муудсаныг тэд хүлээн зөвшөөрчээ. Ингээд оролцъё, шийдэл гарцыг олъё, өөрчлөхөд нөлөөлье гэсэн байх нь. Дээрх клубын санаачлагчдын нэг, социологич Б.Батманлай “Илүү хол явахын тулд бид ижил зорилготой олон төрийн бус байгууллагад хамтран ажиллах урилга илгээсэн. “Нэг Монгол” үндэсний хөдөлгөөнийхөн урилгыг хүлээн авсан. Реформ, өөрчлөлтийн төлөө дуугардаг, ажилладаг учраас Ерөнхий сайд асан Г.Занданшатартай хамтрах нь зөв гэж үзсэн” хэмээсэн. “Нэг Монгол” төрийн бус байгууллагыг Г.Занданшатар 2014 онд санаачлан байгуулжээ. Тус ТББ ч иргэдээ сонсох үзэл санааг зарчмаа болгож байсан тул ийнхүү зорилго нэгдсэн аж. Тэрбээр Ерөнхий сайд байхдаа нүүрсний хулгайн эсрэг тэмцэж, олон нууц гэрээг ил болгож байв. Төрд нүүрлэсэн хулгай, булхайг илч лэх, засахын тулд “Цэгцрэх хөдөлгөөн”-ийг ч санаачлан хэрэгжүүлж байсан билээ.
Г.Занданшатар дээрх үндэсний хөдөлгөөний зорилгын талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Өөрчлөлт, цэгцрэх хөдөлгөөнөөр дамжуулан улс оронд үүссэн шударга бус байдлыг засах нь энэхүү үндэсний хөдөлгөөний зорилго юм. Үүнийг ажил хэрэг болгохын тулд нэг зорилгын дор нэгдсэн “Нэг Монгол” байя гэж буй. Иргэдээ сонсож, төрийн шийдвэрт тэдний санал бодлыг тусгах ёстой. Тиймээс бид орон даяар “Зөвлөлдөх аян” өрнүүлнэ. Эхний уулзалтыг энэ сарын 15-нд Хэнтий аймагт зохион байгуулахаар төлөвлөсөн. Нэгдэж ажиллахын тулд хүн бүрийн манлайлал чухал. Ахмадуудын туршлага, дунд үеийнхний хариуцлага, залуусын эрч хүчийг нэгтгээд нэг Монгол, нэг зорилгын төлөө ажиллах болно. Үг нэг, үзэл санаа ижил байж л бид нэг Монголыг байгуулна. Энэ бүхний үр дүнд монгол хүн эх орноосоо зугтдаг бус, эндээ сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх учиртай. Шударга нийгэм, эрүүл төр, иргэдийн сайхан амьдрал бол бидний зорилго” гэв.
Тэрбээр парламентад дөрвөн удаа сонгогдсон, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд зэрэг хариуцлагатай, төрийн өндөр албан тушаалыг хашиж явсан нэгэн. Энэ талаар “Надад бүрэн өөрчилж, хийж чадаагүй алдаа бий гэдгийг хүлээн зөвшөөрье. Хэн нэг дарга гарч ирээд л асуудлыг шийдэж чадна гэж эндүүрч явсан үе бидэнд бий. Асуудал үнэндээ хүнд биш, тогтолцоондоо байсан. Бүлэглэж талцдаг арга барилаас салах ёстой. Жагсаалтаар гишүүн сонгохын тулд намын анхан, дунд шатны гишүүдээр хэлэлцүүлж, нийгмийн хариуцлагаар нь үнэлж эрэмбэлдэг болгох хэрэгтэй. Нэр дэвшүүлэх хороо байгуулж болно гэж хуульд зааснаас биш, заавал бий болго гээгүй. Тиймээс даргын үзэмжээр жагсаалтыг эрэмбэлсэн. Улмаар даргадаа үнэнч бүлэглэл үүсэж, улс орныг талцуулж, төрийн гацаа болж байна. Ийм хороо заавал ажиллаж, шат шатандаа шалгаруулсан хүмүүсийг л жагсаалтаар гишүүн болгох нь зөв. Олон улсад ч намын жагсаалтад оруулах хү мүүсийг шат шатны гишүүнээс санал авч, шалгаруулдаг жишиг бий. МАН ч бас энэ талаар дүрэм журмаа өөрчлөх ёстой. Өөрчлөлтийг бид өөрөөсөө, намаасаа эхлэх учиртай. Н.Учрал дарга бидний өөрчлөлтийг дэмжиж байгаа тул “Зөвлөлдөх аян”-ы хүрээнд намынхаа гишүүд, дэмжигчдийг ч сонсоно” гэв.
Тогтолцооны гажуудлыг засаж, нэг болон хэсэг хүнд найдвар тавиад өөрсдөө хойш суудаг байдлыг халах гол арга нь л зөвлөлдөх ардчилал, аян аж. Мөн тэрбээр оролцогчдоос “Бидний үнэт зүйл юу вэ” хэмээн асуусан. Оролцогчид “Тусгаар тогтнол, эрх чөлөө, нэр хүнд, эрүүл мэнд, хайр энэрэл, хариуцлага, шударга ёс” гэх мэтээр хариулна лээ. Г.Занданшатар “Шинэч лэл хийе гэвэл иргэдтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Үүний тулд нэг Монгол байгуулъя, нэг үзэл бодол, зорилгын дор нэгдье гэж байгаа юм. Би нэгэн судлаачтай уулзахад монголчуудыг “сургагдсан арчаагүй байдал”-д орсон байна гэсэн. Өөрчилж, шинэчлэх оролдлогыг олон удаа хийсээр бүтэлгүйтсэн хүмүүс цөхөрдөг, итгэлээ алддаг. Сүүлдээ хаалга онгорхой байсан ч гарахаа больдгийг дээрх байдлаар тодорхойлжээ. Орон даяар ажиллаж, иргэдийнхээ алдагдсан энэ итгэлийг сэргээж байж тусгаар тогтнол, эрх чөлөөгөө бүрэн хангана. Хүлцэнгүй байдалд орсон иргэдээ бид сэрээх ёстой. Ингэж байж “Төрийн эрх мэдэлд ард түмний гарт байна” гэсэн Үндсэн хуулийн заалт бүрэн хэрэгжинэ. Одоо иргэддээ мэдээлэл өгч, нотлогч, няцаагч талуудын ярианаас тэнцвэртэй ойлголт авч, бодитоор дүгнэлтээ хийх боломж олгох учиртай. Энэ арга нь зөвлөлдөх аян байх болно” гэсэн юм.
Парламентын гишүүний тоог 126 болгон нэмээд чадавх, нэр хүнд нь сайжирсангүй, эсрэгээр болж байна. Эдийн засаг өслөө гэдэг ч айл гэрийн амьдрал өөдөлсөнгүй. Тиймээс тоогоор бус, чанараар үр дүнг хэмждэг байх ёстойг дээрх хөдөлгөөнийхөн ярьж байна. Эл уулзалтад төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүд цөөнгүй ирсэн байлаа. Хөдөлмөрийн баатар, Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам, УИХ-ын гишүүн асан Р.Буд, Д.Идэвхтэн, Ц.Цэнгэл тэргүүтэн ч харагдсан. Мөн аль аль үе нь илүү хичээж ажиллаагүй, эсвэл оролцоо муу байсан алдаагаа хамтраад засъя, нэг Монгол болж нэгдье гэжээ.
Парламентын гишүүний тоог 126 болгон нэмээд чадавх, нэр хүнд нь сайжирсангүй, эсрэгээр болж байна. Эдийн засаг өслөө гэдэг ч айл гэрийн амьдрал өөдөлсөнгүй. Тиймээс тоогоор бус, чанараар үр дүнг хэмждэг байх ёстойг дээрх хөдөлгөөнийхөн ярьж байна. Эл уулзалтад төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүд цөөнгүй ирсэн байлаа. Хөдөлмөрийн баатар, Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам, УИХ-ын гишүүн асан Р.Буд, Д.Идэвхтэн, Ц.Цэнгэл тэргүүтэн ч харагдсан. Мөн аль аль үе нь илүү хичээж ажиллаагүй, эсвэл оролцоо муу байсан алдаагаа хамтраад засъя, нэг Монгол болж нэгдье гэжээ.
С.Уул