Манай улсад болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр бодлогын жинхэнэ мэтгэлцээн өрнүүлсэн, олон улсын судлаач, шинжээчдийн үнэтэй санал, зөвлөмж, байр суурийг нэг цэгт зангидсан сэдэв нь тусгай хамгаалалттай газар нутгийн ашиглалттай холбоотой асуудал байв. Монгол Улсын нийт нутгийн 21 хувийг тусгай хамгаалалттай газар эзэлж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт боловч эл тооны цаана олон гажуудал буйг судлаачид хөндсөн аж. Уг асуудлаар салбар хуралдаан, хэлэлцүүлэгт оролцсон нэгэн судлаач “Бид тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, менежментээ эргэж харах цаг болсон. Нийт газар нутгийнхаа 21 хувийг хамгаалалтад авлаа, цаашид 30 хувьд хүргэнэ гэж тооны араас хөөцөлдсөөр үүнтэй хамт зэрэгцүүлэн авч явах ёстой хамгийн чухал бодлого, төлөвлөлтөө орхигдуулаад байна. Манай улсад байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын томоохон байгууллагынхнаас шүүмжлэл, зэмлэл дагуулдаг гол сэдэв нь энэ” гэсэн юм.
Дэлхийн улс орнууд тусгай хамгаалалттай газар нутгийг зохистой ашиглах замаар тогтвортой хамгаалж, тэнцвэрт байдлыг нь хангадаг аж. Байгалиа зохистой хэмжээнд ашиглаж, энэ чиглэлийн үйл ажиллагаанаас хуримтлуулсан орлогоо хүрээлэн буй орчныг хамгаалж, нөхөн сэргээхэд зарцуулдаг загвар түгээмэл дэлгэрчээ. Үүнийг экосистемд суурилсан менежмент гэж тодорхойлдог юм байна. Гэтэл манайхан газар нутгаа хамгаалах нэрээр хамгийн хатуу хориг хязгаарлалтуудыг хууль, журамдаа тусгасан ч хулгайн замаар, далд хэлбэрээр ашиглаж, сүйдэлсээр өдий хүрэв. Улмаар тусгай хамгаалалттай газруудын даац эхнээсээ хэтэрч, суурьшлын бүсээс ялгаагүй болоод буй. Богд хан уулын дархан цаазат газар, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар үүний тод жишээ. Араас нь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар (Хөвсгөл нуур), Отгонтэнгэрийн байгалийн цогцолборт газар (Улаагчны хар нуур) “явж” буй юм. Энэ мэтчилэн олны хөлд талхигдаж сүйдсэн газруудыг илүү олон болгохгүйн тулд одооноос бодлого, менежментээ өөрчилж, илүү өргөн цар хүрээнд төлөвлөлт хийх шаардлагатайг судлаачид анхааруулах боллоо.
Жишээлбэл, Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн захирал Жастин Александр “Монгол Улс 2030 он гэхэд газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилтдоо хүрэхийн тулд стратегийн замын зураглал боловсруулах зайлшгүй шаардлагатай. Энэ зорилгыг зөвхөн тоон үзүүлэлт талаас нь бус, байгаль хамгааллын хувьд үр дүнд хүргэе гэвэл монголчууд хаашаа явж байгаагаа, мөн түүнд хэрхэн хүрэхээ тодорхойлж, хамгийн чухал экосистемүүд хаана буй, аль бүс нутгийг тэргүүлэх чиглэлээ болгох вэ гэдгийг ул суурьтай авч үзэх ёстой. Экологийн уялдаа холбоог хангах нь нэн чухал” гэсэн бол тус нийгэмлэгийн олон улсын бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч, доктор Сюзан Либерман тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 30 хувьд хүргэхэд хамаг нөөц боломжоо тарамдах бус, үлдсэн 70 хувиа ч давхар хамгаалж, орон зайн төлөвлөлт, үр дүнтэй менежментийг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатайг анхааруулжээ. Монгол Улсын газар нутгийг бүхэлд нь хамарсан орон зайн төлөвлөлт зайлшгүй хэрэгтэйг тэрбээр онцлон хөндөж. Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх, менежментийг сайжруулах чиглэлээр манай улсад өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг учир тус байгууллагын мэргэжилтнүүдийн байр суурийг энд зориуд эшлэв. Тэд хуурай шүүмжлэл, хоосон мэдэмхийрэл бус, бодлогын түвшний зүйлс хэлсэн юм.
Тусгай хамгаалалттай газар нутгийг тогтвортой хамгаалахын тулд Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны ангиллыг мөрдөж, бүсчлэлийн менежмент хэрэгжүүлдэг жишиг дэлхий дахинд нийтлэг гэнэ. Уг ангиллаар тусгай хамгаалалттай газарт үндсэн буюу хүний хөлөөс бүрэн тусгаарласан хязгаарлалтын, буфер буюу судалгаа шинжилгээ, байгалийн аялал жуулчлал, уламжлалт ахуйг зөвшөөрсөн орчны бүс гэж нарийвчилсан зааг тогтоодог. Улмаар бүсчлэл тус бүрд экологийн даацыг тодорхойлж, жилд хэчнээн жуулчин хүлээж авах, хэд орчим тооны тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зэргийг нь хүртэл тооцдог байна. Жишээ нь, АНУ-ын Йеллоустоуны болон Африкийн үндэсний парк гэхэд тухайн жилийн жуулчдын тоо даацаас хэтэрсэн тохиолдолд квот тогтоож, нэвтрэхийг хориглодог гэх. Харин Монгол Улс тусгай хамгаалалттай газар нутгийг хууль тогтоомждоо олон улсын жишгээр нарийвчлан ангилж, ашиглалт, зориулалтаар нь зааглан хязгаарласан ч хэрэгжүүлэх тал дээрээ мөн л хойрго, хөндий хандаж иржээ.
Хүрээлэн буй орчны бодлого судлаач, төслийн шинжээчээр ажилладаг Н.Үнэнбат “Манай улс тусгай хамгаалалттай нутгийг дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөц, дурсгалт газар гэж дөрөв ангилдаг. Үүнээс хамгийн өндөр хамгаалалттай нь дархан цаазат. Үүнийг дотор нь онгон, хамгаалалтын, хязгаарлалтын, орчны гэсэн дөрвөн бүсчлэлд хуваадаг. Харамсалтай нь, манайд орчны бүсийн зохицуулалт сул учраас бүсчлэлийн нарийн зааг алдагдсан. Хязгаарлалтын бүсэд зөвхөн байгалийн аялал жуулчлал эрхлэх, түр буудаллах зэргийг зөвшөөрсөн байдаг ч амьдралд энэ заалт нь хамгийн их зөрчигдөж, хуулийн цоорхой болж хувирсан. Хязгаарлалтын бүсэд аялал жуулчлал эрхэлнэ гэж газар авангуутаа зориулалтын бусаар олон давхар орон сууц, хаус хороолол барьдаг луйвар ил цагаан дэлгэрээд удлаа. Гэтэл тусгай хамгаалалттай газрын хилийн заагийн гадна оршдог, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, байгалийн баялгийг зохистой ашиглахад зориулсан орчны бүсэд үүний эсрэг бодлого хэрэгждэг. Орчны бүсэд амьдарч буй иргэд байгаль хамгаалахад оролцоод, үр өгөөжийг нь хүртэх ёстой ч бодит байдалд тэднийг дайсан мэт үздэг. Энэ нь тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого Монголд хөл, толгойгоо алдаж, гажуудсаны баталгаа” гэсэн юм.
Тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах үндэс нь санхүүжилтийн тогтолцоо гэж үздэг. Ашиглалт, хамгаалалтыг тэнцвэржүүлэх гол зангилаа нь санхүүжилт учраас тэр. Олон улсын жишгээс харахад үндэсний паркуудын ашиглалтын орлогыг байгаль хамгаалахад 100 хувь зарцуулдаг байдал нийтлэг байна. Харин Монголд тусгай хамгаалалттай бүсээс төвлөрүүлсэн бүх татвар, хураамж, газрын төлбөрийг улсын төсөвт буюу нэгдсэн санд шууд татан төвлөрүүлдэг ч тухайн газар нутгийг хамгаалж, тордоход маш багыг хуваарилдаг муу жишиг тогтжээ. Үүнээс болоод тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаад санхүүгийн хувьд бие даан үйл ажиллагаа явуулах, менежмент хийх боломжгүй, төрөөс 100 хувь хамааралтай байдаг гэнэ.
Манай орны төвийн бүсийн Хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчаар ажилладаг нэгэн “Тусгай хамгаалалттай газруудын менежмент сайжрахгүй, хамгааллын ажил үр дүнд хүрэхгүй байгаа нь төсөв санхүүгийн хүрэлцээгүй байдалтай холбоотой. Хамгаалалтын захиргаадад санхүүгийн ямар ч эрх мэдэл, нөөц боломж байдаггүй. Хүмүүс тусгай хамгаалалттай бүсэд нэвтрэхэд өндөр төлбөр авч байна гэж шүүмжилдэг. Энэ хураамж улсын шууд орлого болдог. Татвар, хураамжаа ч захиран зарцуулах эрхгүй байгаа нь хамгаалалтын захиргаад хэчнээн хүчин мөхөс ажилладгийг харуулна” гэв.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүгийн тогтвортой байдлын үнэлгээ, Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн тогтвортой санхүүжилтийн удирдамж зэрэгт үндэслэн боловсруулсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилт болон менежментийн тэнцвэрт загвар”-т дурдсанаар тусгай хамгаалалттай газар нутгийн үйл ажил лагаанаас төвлөрүүлсэн нийт орлогын зонхилох хэсэг буюу 40 орчим хувийг шууд байгаль хамгаалал, нөхөн сэргээлтэд зарцуулах нь хамгийн оновчтой хуваарилалт гэж үздэг юм байна. Харин 35 хувийг нь жуулчдад зориулсан зам тавих, тэмдэг, тэмдэглэгээ хийх, ариун цэврийн байгууламж барих зэрэг эко аялал жуулчлалын дэд бүтэц, арчлалт, хамгаалалтыг сайжруулахад, 25 хувийг нь тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийг дэмжих, сургалт, сурталчилгааг идэвхжүүлэх, хууль бус үйл ажиллагаа, зөрчилтэй тэмцэх зэрэгт зарцуулдаг ажээ. Харин манайд дэлгэрсэн “загвар” нь тусгай хамгаалалттай газраас багагүй мөнгө төвлөрүүлдэг ч байгаль хамгаалагчдын цалин, урсгал зардлыг нь л төсвөөс чүү чамай хуваарилдаг. Төсвөөс хамгаалалтын захиргаадад хуваарилсан нийт санхүүжилтийн 80-90 хувийг нь л гэхэд байгаль хамгаалагчдын цалин, урамшуулал, урсгал зардал эзэлдэг гэнэ. НҮБ-аас хийсэн судалгаагаар Монгол Улсын биологийн олон янз байдлыг хамгаалахад зарцуулж буй төсөв нь дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 0.15-0.25 хувийг эзэлж байжээ. Харин байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажлын санхүүжилтийн зонхилох хувийг олон улсын донор байгууллагууд, гадаадын төсөл, хөтөлбөрийн дэмжлэгээр шийдэж ирсэн нь эл судалгаагаар тодорхой болж.
Ингээд харвал манай улс тусгай хамгаалалттай газар нутгаа нэр төдий хамгаалж байна. Хамгаалах нэрээр хууль, эрх зүйн хүрээнд бий болгосон зохицуулалтууд нь хэсэг бүлэг хүнд давуу боломж олгох, далд хулгай луйвар хийх дардан зам бий болгосоор. УИХ-ын нэр бүхий гишүүд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, байгалийн нөөцийг даацад нь тулгуурлан эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хамгаалалтын санхүүжилт босгох тогтолцоо бүрдүүлэх арга зам “санал болгоод” буй. Гэхдээ эрх мэдэлтнүүд энэ хуулийг баталж, хамгаалах хуулийн цаана нуугдсан хулгайн замыг ил болгох, эсэх нь тун бүрхэг.
Мишээл