Бүсийн хөгжлийн бодлого, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан зарим боомтод газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь хэмжээг ялгавартай тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төслийг өчигдөр баталлаа.
Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын хүрээнд бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварын хувь хэмжээг ирэх оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэх шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард гаргасан юм. Тэгвэл өчигдөр баталсан тогтоолын төслийн хүрээнд 3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж буй 92 октантай автобензин болон дизелийн түлшний гаалийн албан татварын хувь хэмжээг 26 сарын хугацаанд тэглэхээр шийдвэрлэлээ. Тодруулбал, эл шийдвэрийг энэ сарын 21-нээс 2028 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр тогтжээ. Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахууныг түргэн шуурхай хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, цистерн вагоны ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөлөх, хуульд заасан нөхцөл, шалгуурыг бүрэн хангасан зөвшөөрлийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийг саадгүй нийлүүлэх боломжоор хангах үүргийг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд өгчээ.
Ж.Сувд