Энэ залууг Маколей Карсон Калкин гэдэг. Гэхдээ тэрбээр эцэг эхийнхээ өгсөн нэрнээс илүүтэйгээр “Гэртээ ганцаараа”-гийн бацаан гэдгээрээ алдартай. Кино урлагт ганцхан алхаад л танигдаж, дэлхийд алдаршсан хүн бол Маколей Калкин. Мөнхийн хүүхдээрээ, хөөрхөн, эгдүүтэй дүрээрээ л хүмүүсийн сэтгэлд хадагдсанаас цааш гавиагүй нь жаахан тиймхэн.
Уг нь тэрбээр өдгөө ч оргилд гялалзаж болох байсан. Гэхдээ өөрөө хүсээгүй гэх. Үнэхээр хүсээгүй, эсэхийг нь мэдэхгүй ч ярилцлага бүртээ өөрөө тэгж онцолдог юм билээ. “Миний хүрч чадаагүй өндөрлөгт хүү минь гарах ёстой” гэсэн зарчимтай аав нь хүүгийнхээ менежер болж, мөнгө тоолохдоо хэт анхаарснаас энэ хүүгийн карьер төгссөн гэх нь бий.
Азаар ч бай, эсвэл тавилангаар ч бай ямар ч байсан дүрээ дэлхийн кино урлагт мөнхөлж, тив алгасан танигдсан, 17 настайдаа гэрлэсэн ч, том хүн болоогүйгээ салалтаараа баталсан ийм нэгэн хүний дотрыг уудалсан ярилцлагыг “Esquire” нийтэлжээ.
Өдгөө 35 настай тэрбээр 1990 онд 10-тайдаа “Гэртээ ганцаараа” үлдээд дэлхийг донсолгож, 100.000 долларын цалин авч, бас эл кино Гиннесийн амжилтад бүртгэгдэж байсныг санаж байна уу. Дөрвөн ах, хоёр эгчтэй Маколей дөрвөн настайдаа анх жүжигт оролцон тогложээ. 1985 онд дебют дүрээ бүтээсэн.
- Би олон хүний хувьд хүүхэд хэвээр байгаа. Гэртээ ганцаараа үлдсэн, дэггүй, бас ухаантай нэгэн хүү. Энэ бол нэг талаар ерөөл, нөгөө өнцгөөс харвал хараал юм. Хараал, ерөөлийг хамт хүртсэн гэх үү дээ.
- Би 14 настайдаа тэтгэвэртээ гарсан. Хүүхэд насаа мэдрэх боломж надад байгаагүй юм.
- Гудамжинд зөрсөн хүмүүс намайг танимхайраад сүйд болдог. Зарим нь “Энэ олон жилийн турш чи хаана байсан юм бэ. Чи том хүн болчихсон байна шүү дээ” гэж уулга алддаг гээд бод доо.
- Би хэзээ ч хар тамхины эмчилгээ хийлгэж байгаагүй. Шоронд ч сууж байгаагүй. Ганц удаа баривчлагдсаныг үл тооцвол. Гэтэл намайг замаа алдчихсан мэт ярьдаг. Тийм гүтгэлэг, худал цуу яриа бишгүй л сонссон. Нэг удаа өмгөөлөгч маань утасдаад “Мак, чи амьд байна уу” гэж асуухад нь би “Амьд л байна даа. Буйдан дээрээ сууж байна. Юу болов” гэж асуулаа. Тэгтэл “Над руу саяхан CNN-ийн сэтгүүлч утасдаад, чамайг мансууруулах бодис өндөр тунгаар хэрэглэснээс болж амьсгал хураалаа” гэж тун үнэмшилтэй ярилаа шүү” гэж билээ. Ийм л юм болоод байдаг юм.
- Би тун жирийн амьдралтай хүн. Хэдэн загасаа хооллож, нохойтойгоо салхилж, сайхан хоол хийгээд хамгийн дотно хүмүүсээ гэртээ урьдаг. Ингэж бусадтай адил эгэл амьдрахаар намайг “Галзуу амьтан” гэх нь бий.
- Од байсан цаг үеийн минь амьдрал жинхэнэ новш шиг байсан. Марихуаны хэргээр баривчлагдахдаа яг үнэндээ би маш их баярласан. Тэгээд “Хүмүүс хүсэн хүлээгээд байсан тэр мэдээгээ сонслоо доо” гэж бодсон шүү.
- Ганцхан өдрийн дотор маш олон ярилцлага өгч байснаа санаж байна. Цонхгүй, хоосон өрөөнд би суучихсан, сэтгүүлчид ээлжлэн орж, гараад л байлаа. Агаар дутагдаад тун хэцүү болж байна аа. Тэгээд яг 70 дахь сэтгүүлчийг орж ирэх үед миний ухаан балартаж, ам зуураад, яриа удааширч байгааг мэдэрсэн. Тэгээд л би ч, нөгөө хүмүүс ч алга болчих шиг санагдаж билээ. Ухаан алдсан хэрэг л дээ.
- Би зургаан нас хүртлээ маш хаалттай амьдарч ирсэн гэж боддог. Намайг ямар орлоготой ажилласныг эцэг эх маань тэр үед надад огт хэлдэггүй байсан нь маш сайн хэрэг шүү. Ингэснээр тэд миний төлөө сайн зүйл хийсэн гэж боддог юм. Тэгсний ачаар л би бусад хүүхэдтэй адил тун энгийн нэгэн хэвээр өссөн гэх үү дээ. Эс бөгөөс багадаа од болсон хүмүүс замардаг талтай байхгүй юу.
- Би үргэлж хоёр эцэгтэй байсан гэж боддог. Нэг нь бодит аав минь, нөгөөх нь сэтгэл, тархиндаа ургуулсан аав.
- Заримдаа миний дотор ганц биш, бүр хэсэг хүн байгаа мэт санагддаг. Гэхдээ тийм байдалтайгаа би хэдийнэ эвлэрч, дассан.
-Би хэн бэ гэж үү. Би бол сэтгэл хөдөлгөм сайхан, бас дургүй хүрч жигшмээр дурсамж, бодлын цуглуулга. Би бол надад тохиолдсон бүх зүйл, хийсэн, эсвэл хийхийг хүсдэг бүхний нийлбэр юм. Би бол өөрөө өөртөө оёх хувцас. Надад байгаа бүх юм, надтай учирсан хүн бүхэн бол би гэж бодож байна. Эцэст нь би бол огторгуй дахь нэгэн хатуу хэсгийн татах хүчинд орших булчин, яснаас бүрдсэн эгэл нэгэн биет.
- Миний мэдэх жүжигчид дундаас би өөрийгөө хамгийн хэрэггүй нь гэж боддог.
- Хэрэв дэлхий дээр харийнхан зочиллоо гэж бодоход тэдэнд би юу үзүүлж, танилцуулах вэ гэж үү? Хачин асуулт вэ. Би дуулж, бүжиглэж, бас зурж чадахгүй. Тэгээд энэ насандаа босгож, сүндэрлүүлсэн зүйл ч үгүй байдаг. Ер нь хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл хийгээгүй хүн чинь юугаа үзүүлж харуулдаг билээ дээ.
- Хэрэв өөрөө хүссэн бол би бүх л алдар нэр, өндөрлөгт хүрэх боломжтой байлаа. Гэхдээ тэр бүхнээс би зугтсан. Тэгсэн гээд огт харамсдаггүй.
- Хүмүүс намайг энэ дэлхийн хамгийн мэргэн хаан шиг үргэлж санаж байгаасай гэж хүсдэг байж магадгүй, би. Гэсэн ч тийм зүйл хэзээ ч болохгүй нь мэдээж л дээ.
- Үр хүүхдэдээ юу гэж хэлж, захих вэ гэвэл, “18-аас доош насныханд шоу бизнест хийх зүйл байхгүй. Тэрний оронд өөрт хэрэгтэй зүйлд суралцаж, хийж үзэх хэрэгтэй. Яарах хэрэггүй. Насанд хүрсэн хойноо л хийж үзэх зүйл байдгийг ойлгоорой” гэж давтан давтан хэлнэ.
- Би өөрийн гэсэн эдлэнтэй, сайхан байшинтай, бас хоёр хүүхэдтэй байхыг мөрөөддөг, бусдын л адил.
- Даяанчлах ямар байдгийг би маш сайн мэднэ