“Украины Соёлын яамнаас нэрт жүжигчин Жерар Депардьег үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн урлагийн зүтгэлтнүүдийн хар жагсаалтад орууллаа” гэж Францын “Ouest-France” сонин мэдээллээ.
Ингэснээр Украины кино театр, телевизээр түүний тоглосон киног гаргахыг хориглож байгаа төдийгүй сонин хэвлэлд нэрийг нь дурдаж болохгүй болжээ.
“Ouest-France” сонин “Депардье Украиныг ОХУ-ын нэг хэсэг гэж удаа дараа мэдэгдэж байсан. Мөн В.Путинийг байнга магтан ярьж, Оросын төлөө үхэхэд ч бэлэн хэмээн ярьж байсны улмаас хар жагсаалтад багтлаа” гэж тайлбарласан байна.
Францын жүжигчин Жерар Депардье 2013 онд ОХУ-ын иргэн болж, Мордовийн Саранск хотод байнга оршин суух эрх авсан юм.
Түүнээс гадна хар жагсаалтад Сербийн кино найруулагч Эмир Кустурица, Америкийн найруулагч Оливер Стоун, жүжигчин Стивен Сигал нар багтаад байгаа билээ.