Канадын радио телевизээс ажлын гараагаа эхэлсэн сэтгүүлч Тони Томасыг Холливудын түүхийг бичилцсэн нэгэн хэмээдэг. Тэрбээр Диснейн шүтэн бишрэгчдэд зориулж 1959 онд Дисней стиудид богино хэмжээний ярилцлага авч байжээ. Олон жилийн өмнө хийсэн уг ярилцлагын бичлэг кассетнаа хадгалагдсан байдаг бөгөөд хожим нь сэргээн засварлаж, хадгалсан байдаг аж.
Уолт Дисней: Би 1923 оны наймдугаар сард халаасандаа ердөө 30 ам.доллартай Холливудад хөл тавьж байлаа. Цүнхэнд солих хувцас болох хоёр өмд, нэг хүрэм, нэг цамц, хэдэн дотуур хувцас хийгээд үлдсэн дийлэнх хэсэгт нь зургийн хэрэгслүүдээ багтаасан байж билээ. (инээв) Цүнх нь чемодан биш цаасан хайрцаг байсан юм шүү дээ.
-(Инээв) Тухайн үед дуугүй кино л гарч байсан байх аа. Та тэгээд чухам ямар ажил хийж эхэлж байв?
-Холливудад хөл тавьсан даруйдаа би ямар ч хамаагүй студид орохоор ажил хайж эхэлсэн. Би аливаа ажлыг их хурдан сурчихдаг юм. Тиймээс ямар ч хамаагүй ажил хийе гэж бодож байлаа. Тухайн үед хүүхэлдэйн киног төдийлэн сонирхдоггүй байв. Тиймээс найруулагч болохыг л хүсэж байлаа. Гэхдээ найруулагч болох зам хүн бүрт нээлттэй байдаггүй юм билээ. Азаар би үүнийг эрт мэдсэн. Тиймээс зургийн хэрэгслээ бариад хүүхэлдэйн кино бүтээх зам руу эргэлт буцалтгүй орсон доо. Анх богино хэмжээний 12 кинонд зураг зурах ажил хүлээж авч байлаа. Бүх зургийн ажлыг би өөрөө гардан хийж эхэллээ. Хэний ч туслалцаагүйгээр зургаан ч киноны зургийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Түүний дараа Канзасаас ирсэн залуустай хамтран ажилладаг болсон юм. Тэд надад дараагийн киноны зургийн ажлыг хийж гүйцэтгэхэд тусалсан даа. Эхний жил бид тун амжилттай ажиллаж, удалгүй хамтарч компани хүртэл байгууллаа. Байнгын захиалгатай, цаг наргүй ажилладаг байсан хэдий ч би төдий л удалгүй зураг зурахаа болихоор шийдсэн. Гэхдээ энэ шийдвэртээ хэзээ ч харамсаж байсангүй. Учир нь зураг зурна гэдэг миний хийх ажил биш байсан юм. Надтай хамт ажиллаж байсан залуус харин тун авьяаслаг. Би зураг зурахаа болиогүйсэн бол бид компани байгуулахгүй байсан биз.
-Та компаниа хэзээ байгуулсан юм бэ?
-1923 онд. Ах маань бас хамт байсан учир Засгийн газар бидэнд дэмжлэг үзүүлсэн л дээ. Учир нь ах маань Дэлхийн I дайнд оролцож байх үедээ хүнд шархдаж хөдөлмөрийн чадваргүй болсон учир сар бүр 85 ам.долларын тэтгэмж авч байлаа. Тэр тэтгэмжээрээстудиэ анх байгуулсан. Рое ах бид хоёр 1940 он хүртэл хамтран ажилласан.
-Микки Маус хэзээ төрсөн бэ?
-1928 онд.
-Дуутай байсан шиг санагдах юм.
-Анх дэлгэцнээ гарахдаа дуугүй, хар цагаан өнгөтэй байсан. Микки Маусыг анх дэлгэцнээ гаргахтай зэрэгцэн кино дуутай болсон юм. Хүүхэлдэйн киногоо хийж байх үедээ кино дуутай болно гэж төсөөлж ч байсангүй л дээ. Тиймээс шинэ технологи нэвтэрсний дараа л хүүхэлдэйн киногоо дуутай болгосон.
-Миккиг бүтээх санаа анх хэрхэн төрсөн бэ?
-“Universal” студийн бүтээлд зориулж шинэ дүр бүтээх үүрэг даалгаврыг зуучлагч маань өглөө. Гэрээ ёсоор би туулай зурж түүнийгээ Освольд туулай хэмээн нэрлэсэн. Шинэ дүрээ эздэд нь хүлээлгэж өгчихөөд харьж явах замд Микки Маусын санаа анх төрсөн юм. Нью-Йоркоос галт тэрэг гурван өдөр, гурван шөнө явдаг байсан юм. Замдаа шинэ санаа төрсөн даруйд би эхнэртээ “Бид шинэ дүртэй боллоо” гэж билээ. Жижигхэн эгдүүтэй хулганы нэг дүр бодогддог байсан ч хүүхэлдэйн киноны гол баатар болон амилж амжаагүй л байв. Тэгээд л Микки Маусыг бүтээсэн дээ. Нэрийг нь сонгох үед “Микки Маус” гэдэг нэр их сонсголонтой санагдсан.
-Миккиг анх дуу хоолойтой болгох үед та дуу оруулдаг байсан гэсэн. Энэ үнэн үү?
-(Микигийн хоолойгоор) Тийм ээ. Би одоо ч дуу оруулж байгаа. (инээв)
-Би яг танаас Миккигийн хоолойгоор яриач гэж хүсэх гэж байлаа (инээв)
-(Миккигийн хоолойгоор) Фальцет хоолойгоор л ярьж байгаа юм. (Өөрийн хоолойгоор) Миккид дуу оруулах болоход яг ямар өнгө, хоолойтой байх талаар их удаан ярилцсан л даа. Хэрэв хулгана ярьдаг байсан бол дуу хоолой нь ямар өнгөтэй байх вэ гэдэг төсөөлөл бидэнд огт байгаагүй. Шийдвэр гаргаж чадахгүй эргэлзэж байх үед би “Иймэрхүү хоолойны өнгөтэй байвал ямар вэ” гэхэд нэг нь “Та дуу оруулж болох юм байна” гэсэн. Тэгээд л би дуу оруулсан даа.
-Дональд хэдийд төрсөн бэ?
-Миккигээс дөрөв бил үү, таван жилийн дараа Дональдыг бүтээсэн. Радиогоор янз бүрийн амьтны дуу хоолойг гаргадаг хүүгийн ярилцлага сонсоод Дональдыг бүтээх санаа анх төрсөн юм. Радиогийн ярилцлагыг сонссон даруй би студи дээр нь очсон боловч түүний чухам хэн болохыг радиогийнхон сайн мэдэхгүй байсан. Би нэлээд хайсны эцэст сургуулиудад шувууны талаар хичээл заадаг багш болохыг нь олж мэдээд, уулзаж хамтран ажиллахаар болсон. Сургуулиудад хичээл заагаад хангалттай цалин авдаггүй тухайгаа надад хэлсэн л дээ. Тиймээс би түүнд сургуулиудын өгдөгөөс илүү цалин амлаж, нугасны дүрд дуу оруулахыг зөвшөөрүүлсэн.
-Микки одоо ч ажлаа хийж байгаа юу?
-Тэгэлгүй яах вэ.
-Үүнийг мэдэхэд сайхан байна шүү.
-Тэр одоо 30 настай болсон.
-Хөгшин хулгана болсон байх нь ээ?
-Гэхдээ жил улирах тусам Миккигийн зураглал өмнөхөөс илүү сайн болдог.
-Тэгвэл Микки нас ахих тусам илүү боловсронгуй болдог байх.
-Тийм ээ. Илүү боловсронгуй болдог.