“Сэтгэлийн жигүүр”, “Цэнхэр залаа”, “Тэмээн жингийн цуваа”-гаараа Монголын залуусыг байлдан дагуулж, 1971 оноос хойш айзам, хэмнэлээ түгээсэн “Соёл эрдэнэ” хамтлагийнхан өчигдөр “Алдрын од” шагналыг гардан авлаа. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар соёл урлагийнхнаа дэмжин, тэднийг алдаршуулах зорилгоор олгож буй эл шагналыг “Соёл эрдэнэ” хамтлагт таваас дээш жил үр бүтээлтэй уран бүтээл туувисан найман хүнд өгсөн юм.
Хамгийн эхэнд “Цэнхэр залаа”-г тоглож хөгжмийн зохиолчтой нь андуурагдах шахсан Б.Наранбаатарт шагналыг нь гардуулжээ. Буриад болон Өвөрмонголд олон жил ажиллаж байсан түүний хувьд нь өмнө нь “Соёл эрдэнэ” хамтлагтайгаа ямар нэг шагнал хүртэж байгаагүй аж. Харин гавьяат жүжигчин Л.Насантогтох хөдөө орон нутагт аялан тоглож буй учраас дараа нь түүний шагналыг гардуулах аж.
Өчигдөр тэдэнд зориулсан “Алдрын од” тавцанг Соёлын төв өргөөний баруун талд байрлуулсан бол үдэш нь төв талбайд “Алдрын од” хүндэтгэлийн тоглолт зохион байгууллаа.