Норвегийн иргэн, 92 настай Эйдсволле ахмадуудыг асрах газраас алга болсон хэрэг өнгөрсөн сарын сүүлээр болжээ. Гэр бүлийнхэн нь түүнийг өдөржин хайж, эрэл сурал болсон ч олоогүй учир цагдаад мэдээлсэн байна. Тэгтэл хэд хоногийн дараа тэрбээр 87 настай өвгөнтэй хөтлөлцсөөр гэртээ иржээ. Тэд залуудаа сэтгэлийн дотно холбоотой байсан бөгөөд эмнэлэгт хэвтсэн сургаар нь “залуу” эргэж очиж л дээ. Тэгтэл Эйдсволле түүнтэй хамт хаа нэг тийш зугаалмаар байна гэхээр нь дагуулаад Стокгольм орчихоод ирсэн нь тэр аж. Оргодол “хүүхэн” хэд хоног гадуур зугаалаад ухаан суусан уу, яасан ямартай ч хүүхдүүдээсээ тусдаа асрах газарт байна гэж гөжүүдлэхээ больж, гэртээ харихаар болсон талаар Норвегийн цахим мэдээллүүдэд бичжээ.