Арабын хувьсгалын дараа Ливи улсад төдийгүй хөрш зэргэлдээ орнуудад цагаач иргэдийн тоо нэмэгдсээр байна. Африк тивээс Европыг зорих цагаачдын хувьд Итали хамгийн ойр оршдог Европын улс. Тиймээс Италийн эргийн хамгаалалтын алба Африк тивээс ирж байгаа цагаач иргэдийн асуудлыг хууль дүрмийн дагуу шийдвэрлэхийн тулд “Далайн хав” хөтөлбөрийг НҮБ-ын хүнийг эрхийг хамгаалах байгууллагатай хамтран өнгөрсөн жилээс хэрэгжүүлж байна. Хэдэн зуугаараа Ливийн газар нутгаар дамжин, Италийн эргийг зорих цагаачдын тоо энэ он гарснаас хойш улам нэмэгдэх болсон.
Үүнийг дагаад Ливийн эрэг дээр цагаачдыг хууль бусаар хил давуулан гаргадаг бизнес ч дэлгэрсэн билээ. Италийн эргийн хамгаалагчид цаг завгүй ажиллан, жолоочгүй хөвж яваа цагаачдын онгоцноос хүмүүсийг аварсаар л байна. Энэ долоо хоногийн хувьд 1200 гаруй хүнийг эсэн мэнд Италийн эрэг хүргэсэн. Гэхдээ сүүлийн дөрвөн өдрийн дотор 700 гаруй хүн амь насаа алдсан гэсэн мэдээ байна. Дотоодын хямралд автсан Ливи улсын эргийн дагуу ямар ч хяналт байгаа нь Европыг зорих цагаачдын тоо нэмэгдэхэд нөлөөлж байгаа юм. Он гарснаас хойш нийт 2000 гаруй цагаач амиа алдсан бол өчигдөр Газар дундын тэнгисээс 167 цогцос олдсон байна. Зарим цагаач иргэдийн хэлж байгаагаар, хууль бус бизнес эрхлэгчид завинд Ливийн эргээс Италийн эрэг хүрэх шатахуун хийж өгөөд л Итали руу чиглүүлээд явуулдаг гэнэ. Энэ асуудлыг хэрхэн шийдэх хууль эрх зүйн гарц одоо болтол байхгүй байна. “Тиймээс аврах багийнханд мөнгө төлөөд “Далайн хав” ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээс өөр аргагүй гэж Европын холбоо санал нэгдээд байна” гэж Италийн хэвлэл онцлон дурджээ. Италийн эргийн хамгаалалтын албанаас “Сүүлийн хэдэн долоо хоногт Африкийн цагаачдын эгнээнд хүүхдүүд нэмэгдэх болсон.
Энэ асуудлыг яаралтай цэгцлэх хэрэгтэй” гэж мэдэгдлээ. Мөн Италийн аврах багийнхны хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлд 20-25 метрийн урттай завин дээр ойролцоогоор 600 хүн шахалдсан байдалтай олдсон гэдгийг дурдсан байна. Олон улсын цагаачдын асуудал эрхэлсэн газраас он гарснаас хойш Италийн нутагт орж ирсэн 1500 цагаачдын асуудлыг цэгцэлж дуусаагүй байхад өдрөөс өдөрт цагаачид улам нэмэгдсээр байгаа нь асуудлыг хүндрүүлж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ байдлаас харахад хууль бус цагаачдын асуудал бүс нутгийн биш тив, дэлхийн асуудал болон хувирч байгаа нь харагдаж байна. Өөр нэг асуудал нь Италид ирээд цагаачдын албанд бүртгүүлсэн цагаачдын байр, хоол хүнсний асуудал юм.
НҮБ болон Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн сангаас өдөрт 100-120, Италийн Засгийн газраас өдөрт 450-500 хүний хоол, хүнсийг зохицуулж чадаж байгаа ч цаашдаа цагаачдын тоо нэмэгдэх юм бол байдал хэцүүднэ. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас энэ оны тавдугаар сар хүртэл Европ руу дүрвэсэн цагаачдын тоо 105 мянга болж өссөн бол зөвхөн Италид нэвтэрсэн цагаачид 55 мянгад хүрчээ. Өнгөрсөн онд амиа алдсан нийт цагаачдын тоо 3279 байгаа бол энэ жилийн эхний долоон сард 2000 даваад байгаа. Судалгаанаас авч үзвэл энэ жил амиа алдагсдын тоо өмнөх жилээс хол давах төлөвтэй. Европын холбооны хувьд Африкийн хууль бус цагаачдын асуудлыг нэн даруй шийдэхгүй бол хурцадмал асуудал болон хувираад байна.
Б.БААТАР