
Бээжин-Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэргээр зорчиж явсан манай улсын иргэд хар тамхи зөөж яваад баригджээ. Монгол Улсын иргэн Э гэгч өнгөрсөн бямба гаригт нутгаа зорихдоо гар тээшиндээ 72.57 грамм метамфетамин буюу “мөс” авч явсан байна. Мөн өдөр Эрээний гаалийн хяналтын албаныхан манай иргэн Н-ыг 53.65 грамм “мөс”, 0.84 грамм каннабис буюу хар тамхины төрлийн ургамал зөөж явсныг илрүүлжээ.
Энэ талаар ГХЯ-ныхнаас тодруулахад “Хоёрдугаар сарын 11, 12-нд Монгол Улсын гурван иргэн Эрээн-Замын-Үүд боомтоор хар тамхи нэвтрүүлэх гэж байсныг Эрээн хотын Гаалийн цагдаагийн газрын ажилтнууд илрүүлж, саатуулан шалгаж байгаа тухай мэдээлэл ирсэн.
Гадаад харилцааны яамны Консулын газар дээрх иргэдийн ар гэрийнхэнтэй холбогдон мэдээлэл өгсөн. Эрээн хотод суугаа Консулын газраас Хятадын талын холбогдох байгууллагуудтай байнга холбоотой ажиллаж байна” гэсэн юм. Албан бус зарим эх сурвалжийн мэдээлснээр өмнөд хөршид саатуулагдсан гурван иргэний нэг нь манай томоохон улстөрчийн садан төрлийн хүн байж болзошгүй гэнэ.
Хар тамхитай холбоотой хэргээр манай улсын 37 иргэн харь оронд ял эдэлж байгаа бөгөөд 2017 оны хоёрдугаар сарын 16-ны байдлаар 36 иргэн БНХАУ-д, нэг хүн Словакт ял эдэлж байна. Он гарсаар мансууруулах бодис зөөсөн хэрэгт БНХАУ-д гурав, ОХУ-д нэг хүн саатуулагдсан байна.
Харин Малайз улсад баригдан шалгуулж буй Б.Халиунд прокурор цаазаар авах ял оноох санал гаргасан, шүүх шийдвэрээ гаргахыг нь хүлээж буй тухай мэдээлэл бидэнд ирлээ.
Гадаадад ийнхүү хар тамхины хэрэгт олон иргэн саатуулагдсан бол зөвхөн уржигдрын байдлаар Улаанбаатарт хам тамхины төрлийн ургамал хууль бусаар тээвэрлэж явсан, хэрэглэсэн 20-25 настай гурван залууг илрүүлэн шалгаж эхлээд байна. Өнгөрсөн мягмар гаригт ч бас хоёр залуу мансууруулах үйлчилгээтэй өвс тээвэрлэж яваад баригдсан юм.