Хүмүүнлэгийн хэргийн үйл баримтыг цуглуулах олон улсын комиссын 2027-2032 оны бүрэн эрхийн хугацаанд ажиллах гишүүнийг сонгох сонгууль энэ сарын 20-нд Швейцарын Холбооны Улсын Берн хотод боллоо. Уг сонгуулиар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын дэд захирал Э.Батзоригийг олонхын саналаар тус комиссын гишүүнээр сонгожээ.
Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ноцтой зөрчлийг мөрдөн шалгах чиг үүрэгтэй, 15 гишүүнээс бүрддэг тус комиссын ээлжит сонгуульд 23 улсын төлөөлөгч нэр дэвшсэн байна. Тодруулбал, Монгол, Арабын Нэгдсэн Эмират, Польш, Алжир, Чили, Швед, Швейцар, Португал, Бельги, Того, Словак, Мадагаскар зэрэг улсын төлөөлөгч өрсөлджээ. Манай төлөөлөгчид тус комиссын бүрэлдэхүүнд 2021-2026 болон 2027-2032 онд дараалан сонгогдон ажиллахаар болсон нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг бататгасан үйл явдал болсныг Гадаад харилцааны яамнаас онцоллоо. Ингэснээр Монгол Улс зэвсэгт мөргөлдөөний үед олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээг чанд мөрдүүлэхэд улс орнуудыг дэмжих, энэ чиглэлийн олон талт хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулах боломжоо өргөжүүлж буй аж.
Э.Сондор