Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд өндөр хүүтэй зээл олгож иргэдийг шулдаг хэмээн олон нийт машид дургүйцдэг. Гэвч санхүүгийн хэрэгцээгээ өндөр хүү төлөөд ч хамаагүй хангахаас өөр сонголт монголчуудад байхгүй. Тиймдээ ч банк, түүнээс өндөр хүүтэй банк бус, санхүүгийн байгууллага (ББСБ), ломбардаас зээл авдаг. Өөрөөр хэлбэл, иргэд зээлээс зээлийн хооронд, нэг зээлийг нөгөөгөөр нь дарж амьдарч буй билээ.
Санхүүгийн зохицуулах хорооны тайланд “Монгол Улсын хэмжээнд 2023 оны сүүлчээр зээлийн аппликэйшн хэрэглэгчийн тоо 1.6 сая, зээлийн апп, ББСБ-аас гаргасан зээлийн хэмжээ 3.7 их наяд төгрөгт хүрчээ. Зөвхөн ББСБ-уудын иргэдэд олгосон зээл улсын төсвийн 15 орчим хувийг эзэлж байна” гэсэн байв.
Түүгээр ч зогсохгүй 2023 оны байдлаар манай улсын насанд хүрсэн иргэдийн 70 гаруй хувь нь буюу 1.6 сая иргэн ББСБ-аас зээл авсан байдаг аж. Харин 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар Монголд үйл ажиллагаа явуулж буй банк бус, санхүүгийн 573 байгууллагынхан 2.3 сая хүнд зээл олгосон байгаа юм. Зээлдэгчдийн 75 хувийг цахимаар үйлчилгээ авсан хүмүүс эзэлж байна гэсэн судалгааны дүн гарчээ.
Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд хуулиа зөрчин, мөнгө хүүлэх болсон гэх хардлага дээр дооргүй бий. Үүнийг УИХ-ын дарга индэр дээрээсээ ч мэдэгдсэн. Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны чуулганы хуралдааны үеэр “Банкууд дэргэдээ ББСБ байгуулсан. Банкнаас арилжааны зориулалттай зээл аваад түүнийгээ ББСБ-аар иргэдэд хэрэглээний зээл болгон цаашаа олгож байгаа явдал анхаарал татаж байна. 2024 оны байдлаар банкуудаас зээл авсан ББСБ-уудын зээлийн хэмжээ 700 орчим тэрбум төгрөгт хүрсэн. Банкнаас жилийн 20-24 хувийн хүүтэй авсан зээлээ ББСБ-ууд 36-50 хувийн хүүтэй болгож, хувиргасан тохиолдол бий. Цаашлаад ломбардуудад өшөө илүү хүүтэйгээр богино хугацаатайгаар олгож байгаа явдал ч байна. Үүнийг УИХ-ын түвшинд цэгцэлж өгөх ажил чухал гэж бид үзэж байна. УИХ үүнийг хийж эхлэхээр иргэдэд олгодог хэрэглээний зээлийг танах, багасгах зэргээр ард түмнийг бухимдуулах ажил банк, ББСБ-ынхан хийдэг юм билээ. Үүнийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, тэдний хяналтын зөвлөл анхааралдаа авах шаардлагатай” гэсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ч “УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс “Арилжааны банк болгон хажуудаа банк бус, санхүүгийн байгууллагатай, тэр нь цаанаа ломбардтай” гэж хэлсэн. Энэ бол ноцтой үг. Ийм мөнгө хүүлэлтийг зориуд зохицуулж явуулаад байна уу гэдэг хардлага төрж байна” хэмээсэн.
Мэдээж УИХ-ын дарга бол мэдээлэлд маш ойр нэгэн. Тийм ч учраас чуулганы индэр дээрээс ийнхүү мэдэгдсэн нь банк, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчныг эргэж харах шаардлагатайг сануулж буй биз.
Уг нь Банкны тухай хуулийн зургаадугаар зүйлд зааснаар банк нь Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх, итгэлцлийн үйлчилгээ, даатгалын зуучлагч, андеррайтер, кастодиан, факторингийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Тус хуулийн 7.1-т “Банк, энэ хуулийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй” гэж заасан.
Гэтэл өнөөдөр дэргэдээ ББСБ-гүй, эсвэл цахимаар зээл олгодог аппликэйшнгүй банк бараг л үгүй. Тухайлбал, Монгол орон даяар сүлжээтэй, хамгийн олон харилцагч, хадгаламж эзэмшигчтэй ХААН банкаар хүн бүр үйлчлүүлдэг. Тус банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь “Таванбогд холдингс” ХХК-ийн эзэн Ц.Баатарсайхан, түүний гэргий Д.Хулан нар. Тэгвэл “Таванбогд холдингс”-ийн дэргэд “Таванбогд финанс” хэмээх ББСБ үйл ажиллагаа явуулдаг. Уг ББСБ-ын ТУЗ-ийн дарга Ц.Оюунцэцэг нь ХААН банкны нөлөө бүхий хувьцааг эзэмшигч тус холдингийн 10 хувийн эзэн хэмээсэн бүртгэл байгууллагынх танилцуулгад бий.
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулж, сүүлд “Номин холдинг”-ийн эзэн Ш.Баярсайхан нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь болсон “Ариг” банк дэргэдээ ББСБ-тай гэхэд болно. Өөрөөр хэлбэл, Ш.Баярсайханы эзэмшдэг “Улаанбаатар импэкс” ХХК нь “Ариг” банкны 78.84 хувийн хувьцааны эзэн болоод буй. Магадгүй “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорих ял оноож, хоригдож байх хугацаанд нь Монголбанкныхны оролцоотойгоор Ш.Баярсайхан тус арилжааны банкны хувьцааны нөлөө бүхий хэсгийн эзэмшигч болсон байхыг ч үгүйсгэхгүй. “Улаанбаатар импэкс”-ийн эзэн Ш.Баярсайхан “Номин холдинг”-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг. Тус компанийн дэргэд “Номин юнити” хэмээх ББСБ ажилладаг.
Мөн Худалдаа, хөгжлийн банкны дэргэдэх “ТДБ секъюритис” гэх байгууллага зээл, төлбөрийн баталгаа гаргах, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа явуулдаг хэмээн Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан танилцуулгад дурдсан байгаа юм. Мөн Д.Эрдэнэбилэгийн хөрөнгө оруулалттай эл банк болон хуучнаар “Улаанбаатар хотын банк”-ны хамаарал бүхий “Улаанбаатар капитал” гэх ББСБ хөрөнгө оруулалт санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх, итгэлцлийн, факторингийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг хэмээн дээрх хорооны судалгаанд дурджээ.
Энэ мэтээр банкуудын нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид нь хамаарал бүхий компаниараа дамжуулан ББСБ ажиллуулдаг хүмүүс цөөнгүй бий. Хэдийгээр Санхүүгийн зохицуулах хорооноос энэ оны гуравдугаар сарын 20-нд ББСБ нь арилжааны банкнаас зээл авахыг хориглон, үнэт цаас гаргах болон итгэлцлийн үйлчилгээгээр татан төвлөрүүлэх эх үүсвэрийн өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцааг 30-60 хувь болгон бууруулж, гадаадын улс орнуудаас санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх бодлогын шийдвэр гаргасан гэж буй ч амьдрал дээр ажил хэрэг болсон нь юу л бол. Тэгэхээр үүнээс өмнө УИХ-ын даргын хэлсэнчлэн ББСБ-ууд арилжааны банкуудаас 20-24 хувийн хүүтэй зээл аваад иргэдэд 36-50 хувийн хүүтэйгээр зээл олгож мөнгө хүүлж байсан гэдэг нь батлагдаж байна. Өнгөрсөн жилүүдэд 77 ББСБ-ынхан арилжааны банкуудаас 622 тэрбум төгрөгийн зээл авч эргэлдүүлэн, иргэдийг шулж байсан аж.
Арилжааны банкууд иргэдийн хэрэгцээт зээлийг гаргахгүй луу унждаг атлаа ББСБ-уудаараа дамжуулан автомашины, цахилгаан бараа, гар утасны гэх мэт зээлийг өдөрт нь түргэн шуурхай олгож, ард түмнээ шулж, мөнгө хүүлж байсан гэхэд хилсдэхгүй нь.
