Хүйтний эрч чангарч, гол, мөрөн, нуур, цөөрөм мөстсөн ч автомашинтай зор чиж, тээвэр хийх нөхцөл хараахан бүрдээгүйг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Мөн нийт нутгаар нуурын толио болон гол, мөрний уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, олон жилийн дунджаас 8-27 см-ээр нимгэн, хүн, мал, автомашин явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй аж. Тухайлбал, Дорноговийн Даланжаргалан сумын нутагт Зайрмагийн нуурт автомашин живсэн тухай дуудлага, мэдээллийг аймгийн онцгой байдлын газарт өчигдөр ирүүлсэн байна. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Мөн бага насны хүүхдийг нуурын мөсөн дээр тоглуулахгүй, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан юм
Түүнчлэн энэ төрлийн дуудлага, мэдээлэл ойрын өдрүүдэд олон бүртгэгдэх болсонтой холбогдуулан Булган аймгийн Засаг даргын 2025 оны А/724 дүгээр захирамжаар 2026 оны тавдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон тээврийн хэрэгслээр зорчиж, мал туухыг хориглосон байна.
Ташрамд дурдахад, улсын хэмжээнд он гарснаас хойш гол, нуурын мөс цөмөрсөн 23 дуудлагын дагуу алба хаагчид ажиллаж, 16 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 22 иргэний амийг аварчээ.
У.Сүрэн