Сүүлийн үед олон орны Засгийн газар хүрээлэн буй орчин, амьтан ургамлын талаарх бодлогоо эргэн харж, хүнлэг энэрэнгүй шийдвэрийн эрэлд гарах болсон нь хүн төрөлхтөн аливаад илүү нухацтай ханддаг насандаа ирж, ухаажиж, “зөөлөрч” яваагийн шинж гэж биологийн ухааны нэгэн доктор хошигнон өгүүлжээ. Нөгөө талаасаа нөхцөл байдал ингэхээс өөр гарцгүй болгож буй. Өөрөөсөө бусдыг амьдрах эрхгүй мэт үздэг харгис, хэрцгий хүмүүсийн үйлдлийг зогсоох, цаашлаад мал, амьтан, байгальд ээлтэй байх үзлийг ирээдүйнхэнд суулгах гэхчлэн олон талын ач холбогдолтой, улс орнуудын энэрэнгүй хууль, шийдвэрүүдийн талаар хүргэе. Улирч буй энэ оны хувьд ийм төрлийн хууль журам цөөнгүй батлагдсанаараа онцлог байлаа. Тухайлбал, Беларусь улс Амьтадтай хариуцлагатай харьцах тухай хууль баталж, энэ оноос мөрдөж эхэлсэн. Үүнд гэрийн тэжээвэр амьтдыг эзнийх нь дураар элдвээр мэс ажилбарт оруулж “моодлохыг”, мөн үүрд нойрсуулахыг хориглохоос эхлээд амьтан гэсэн үүднээс бус, гэр бүлийн гишүүнээр хүлээн зөвшөөрөх, амьтдын сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг зохицуулах зэрэг олон дэвшилт заалт байна. Тэгвэл Европарламент Европын Холбооны улсуудад гэрийн тэжээвэр амьтдын амьдрах нөхцөлийг сайжруулах зорилготой шинэ журам баталж, өнгөрсөн зунаас хүчин төгөлдөр болов. Үүний дагуу амьтдыг чипжүүлэн, Европын нэгдсэн системтэй үндэсний мэдээллийн санд бүртгүүлэх ёстой буюу ингээгүй тохиолдолд эзнийх нь “аав, ээж” байх эрхийг хасах аж. Түүнчлэн Канадын Онтарио мужид нохой, муурыг элдэв судалгааны туршилтад оруулахыг хориглолоо. Гөлөгнүүдийг туршилтад ашиглаж, дараа нь дотор эрхтнийг нь шалгахын тулд нойрсуулдаг байсан Гэгээн Жозефын анагаах ухааны төвийн судалгааны багийнхныг эрэн сурвалжлах сэтгүүлч илрүүлж, өнгөрсөн наймдугаар сард олон нийтэд цацсанаас үүдэн ийм шийдвэрт хүрчээ.
Өөр нэгэн чухал шийдвэрийг урд хөршид гаргасан талаарх албан бус мэдээлэл байна. Энэ сарын эхээр Хятадад нохойн мах идэхийг бүрэн хориглосон гэнэ. Тус улсын өнцөг булан бүрд нохой, муурыг үндэсний хэмжээнд хамгаалахыг уриалж, амьтны эрх хамгаалагчид, иргэд олон жилийн хугацаанд тэмцэж ирсэн нь үүнд чухал нөлөөтэй. Ийм тэмцэл, шаардлагын үр дүнд 2020 онд Шэньжэнь, Жухай зэрэг хотод нохой, муурны мах худалдах, үүгээр хооллохыг бүрэн хориглосон. Энэ нь итгэл найдвар төрүүлж, өөрчлөх боломжтойг баталснаар улс даяар төрөл бүрийн эсэргүүцлийн арга хэмжээ, тэмцэл өрнүүлэх болжээ. Тухайн жил Хятадын Хөдөө аж ахуйн яамнаас махыг нь идэж болох амьтдын жагсаалтаас нохойг хассан. Хонконгод төвтэй “Animals Asia” байгууллагын тооцоолсноор Хятадад жил бүр барагцаагаар 10 сая нохой, дөрвөн сая муурыг нядалж, иддэг. Тэгвэл дэлхийн хамгийн хүнлэг улсуудын нэг Швейцарьт муур, нохойн мах иддэг хүн олон. Заримбүс нутагтмуур болЗул сарын уламжлалт хоол нь. Амьтны эрхийг хамгаалагчдын тууштай эсэргүүцлийн үр дүнд муур, нохойн мах, арьс зарахыг хориглоод хэдэн жилийн нүүр үзэж буй. Гэхдээ махыг нь идэхийг хориглох хууль гаргах шаардлагагүй, энэ нь хүмүүсийн сэтгэлээс хамаарна гээд Засгийн газар нь “хөдөлдөггүй” аж. Гэхдээ 2014 онд Дэлхийн амьт дыг хамгаалах байгууллагаас “А” үнэлгээ авсан Швейцарьт фермийн амьтадтай зүй бусаар харьцахыг хориглодог юм. Мөн гэрийн тэжээвэр амьтныг хосоор нь байлгахаар хуульчилжээ.
5000 ЖИЛИЙН УЛАМЖЛАЛЫГ ХАЛАХ ЁСТОЙ
Улс, үндэстэн бүр өөрийн өвөрмөц аж байдал, ондоошил, соёл, хоол хүнс, уламжлалт ахуйгаараа бахархаж, дэлхийд таниулан суртал чилсаар ирсэн. Тэр дундаас нэлээд алдартай нь испаничуудын бухын тулаан. Сorrida de toros буюу коррида хэмээдэг, бухыг цустай нь хутгаж, үхүүлдэг эл уламжлалыг Испани төдийгүй Америкийн өмнөд хэсгийн зарим улсад үндэсний наадмын хэмжээнд авч үздэг. Бухын болон энэ төрлийн бусад тулааны үзүүлбэрийн журмыг Испанид хааны зарлигаар зохицуулж ирсэн түүхтэй. Ийм тулаан барагцаагаар 5000 жилийн уламжлалтай буюу тус улсын үндэсний нэгэн бахархал гэж болно. Ийм урт удаан хугацаанд “тунхагласан” корридагийн дүрэмд өөрчлөлт оруулж, Бухын тулааныг хориглох хуулийн төслийн хүрээнд хүчирхийлэлгүй зохион байгуулах шийдвэрийг Мексикийн нийслэл Мехикогийн хууль тогтоогчид батлав. Ер нь Испаниас гадна Франц, Португал, Латин Америкийн ихэнх улс, Энэтхэг, Каталони, Канарын арлуудад 2020 оноос өмнө жил бүр бухын тулаан ойролцоогоор 6000 зохион байгуулдаг, үүнд 30 000 гаруй бух амиа алддаг байжээ. 2020 онд энэ төрлийн тулааныг хориглосон боловч өдгөө ч зарим газарт хэвээр байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр жил бүр тулааны үеэр 180 000 бух хүний зугаа цэнгэлийн золиос болж үзэгчдийн нүдний өмнө амиа өргөдөг. Үүнийг зогсоох нь хүмүүнлэг ёсонд нийцнэ. Тиймээс тулааныг бүрэн хориглох шийдвэр гаргахыг Засгийн газруудад олон улсын амьтны эрхийг хамгаалагчид уриалж байна.
Корридотой адил нэгэн уламжлалыг родео хэмээдэг. Морь, бухны родеог хорих нь зүйтэй гэсэн тэмцэл мөн л өргөн бөгөөд учир нь тухайн амьтныг хатуу эд зүйлээр зориудаар “өдөөж” булгиулах нь эрхийг зөрчиж, тамлаж байгаа хэрэг хэмээдэг. Ташрамд өгүүлэхэд, энэ спорт бол монголчуудын морь уралдуулах, уургалах, эмнэг сургах зэргээс тэс өөр.
АМЬТДЫГ ЦИРКИЙН ҮЗҮҮЛБЭРТ АШИГЛАХЫГ БҮР МӨСӨН ХОРИГЛОНО
Өнгөрсөн долоодугаар сард ОХУ Циркт зэрлэг амьтан худалдаж авах, шилжүүлэхийг хориглох тухай хуулийн төсөл хэлэлцсэн. Үүний дагуу 2026 оноос циркийн үзүүлбэрт амьтан ашиглахыг бүрмөсөн хориглов. Янз бүрийн амьтныг циркийн үзүүлбэрт ашиглахыг хориглосон анхны улс бол Иран. Дараа нь Израиль, Австри (2002 он. Европын орнуудаас анхдагч), Энэтхэг улс ийм хүнлэг хууль баталсан. Өнөөгийн байдлаар Коста Рика, Португал, Бельги, Нидерланд, Итали зэрэг 45 гаруй улс зугаа цэнгэлийн зорилгоор амьтдыг ашиглахыг бүрэн болон хэсэгчлэн хориглоод байна. АНУ, Канадын олон мужид циркт амьтан ашиглахдаа янз бүрийн хязгаарлалтыг мөрддөг. Сонирхуулахад, 2019 онд Германы Ронкалли цирк үзүүлбэртээ амьтад ашиглахаас татгалзаж, үүний оронд технологийн дэвшил буюу голограммаар төрөл бүрийн амьтан “тоглуулдаг” болжээ.
Энэтхэгийн хувьд 2009 онд ийм шийдвэр гаргасны зэрэгцээ амьтны хүрээлэнгийн бүх зааныг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд болон дархан цаазат газарт шилжүүлсэн нь дэлхий нийтийн талархал хүлээсэн юм. Австри амьтанд ээлтэй хуулиудаараа алдартай. “Амьтдыг хамгаалах нь хүн төрөлхтнийг хамгаалахтай адил үнэ цэнэтэй” гэж хуульдаа тусгасан энэ улсад шимпанзе, гориллыг аливаа туршилтад хамруулахыг хориглодог. Мөн Харгислалын эсрэг хуульдаа гэрийн тэжээвэр амьтны чих, сүүлийг тайрахыг ч хориглодог. Коста Рика бол далайн гахай, халимыг барьж тусгаарлан хорихыг хориглосон дэлхийн анхны улс бөгөөд шинжлэх ухааны судалгааны зорилгоор хатуу журмын дагуу агаараас ажиглахыг зөвшөөрдөг. Кени улс амьтдыг жижиг орон зайд байлгахыг хориглохоос эхлээд зугаа цэнгэлийн зорилгоор ашиглах, хүчирхийллээс хамгаалах зэргээр өргөн хүрээтэй, хамгийн шилдэг хуультай. Тус улсын Амьтдыг хамгаалах, арчлах нийгэмлэг 100 гаруй жилийн түүхтэй аж. Танзани мөн энэ тал дээр хатуу заалт бүхий хуультай, сайн жишиг болсон улс юм.
ХАМГААЛЖ, ХИЧЭЭВЭЛ АВРАЛ БИЙ
Амьтдыг мөхлөөс аврах, хамгаалах тал дээр олон улсын мэргэжилтнүүд хичээж ирснийг бас дурдах ёстой. Энэ оны хувьд хамгийн сайхан мэдээллүүдийн нэг нь ногоон яст мэлхий мөхлийн ирмэгээс аврагдсан буюу судлаачдын тодотгосноор “Байгаль хамгааллын том ялалт”ын тухай юм. Үзэсгэлэнтэй хясаа, амттай “бие”нээсээ болж нэгэн цагт үй олноороо агнуурт өртөж, тоо толгой нь огцом буурсан тул 1980аад онд албан ёсоор “устаж үгүй болох аюулд орсон” хэмээх бүртгэлд багтаасан. Эмэгчний үүрлэх газруудыг хамгаалахаас эхлээд өндгийг “манах”, далайд сэлэх хүртэл нь эрэг дагуу эргүүл хийх, олон нийтийг мэдлэгжүүлэн, сурталчлах зэргээр хэдэн зуун мянган хүний тууштай, шаргуу зүтгэл далайн яст мэлхийн долоон зүйлийн нэгийг устах аюулаас ийнхүү аварчээ.
Өнгөрсөн аравдугаар сарын 9-15-нд Абу Даби (АНЭУ) хотод болсон Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN)-ны их хурлын үеэр устаж үгүй болох аюулд орсон төрөл, зүйлийн улаан жагсаалтын хамгийн сүүлийн хувилбарыг танилцуулсан бөгөөд өдгөө далайн ногоон яст мэлхийг “бага санаа зовох” ангилалд багтаасныг тэмдэглэв. Гэсэн хэдий ч уг зүйлийн тоо толгой өмнөх үеийнхээсээ хамаагүй доогуур байгаа бөгөөд мөн л загасчлал, амьдрах орчны алдагдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг аюул тулгарсан хэвээр.
160 орны төлөөлөгч оролцсон уг хурлын үеэр танилцуулсан улаан жагсаалтад 172 620 зүйл багтсанаас 48 646 нь устаж үгүй болох аюулд орсныг онцгойлон мэдээлсэн байна. Жишээ нь, шинэчилсэн жагсаалтад Арктикийн далайн хавын хэд хэдэн зүйл багтсан нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас далайн мөс хайлж байгаатай холбоотойгоор тоо толгой нь эрс буурч буй. Хэрэв хамгааллын арга хэмжээг тууштай хэрэгжүүлж, нөхцөл байдлыг сайжруулбал эдгээр зүйлийг “бага санаа зовоох” гэх мэт эрсдэл багатай ангилалд шилжүүлэх боломжтой учраас илүү хичээхийг хурлын үеэр олон улсад уриалжээ.
Онцлон дурдахад, аливаа амьтныг хамгаалах, мөхлөөс аврах нь хэдэн арван жилийн нөр хөдөлмөрийн үр дүн. Тиймээс тухайлсан жилд энэ ажлыг хамруулан тооцох боломжгүй бөгөөд шинэчилсэн тайлан мэдээллээр Пуэрто Рикогийн Амазон тоть, Пржевальскийн адуу буюу тахь, Европын бизон, Африкийн уулын горилл, Амурын бар, Сычуаны аварга панда зэрэг амьтныг сүүлийн хэдэн арваны хугацаанд устаж үгүй болохоос аварчээ. Пуэрто Рикогийн Амазон тоть 1975 онд 13-хан үлдсэн байв. Гэвч хамгаалсны ачаар тэдний тоо толгой сэргэсэн. Өдгөө харьцангуй олширсон эл шувуу зөвхөн Пуэрто Рикод л бий. ХХ зууны сүүлээр онгон байгальд 26 байсан бол 2006 онд 40 тоологдож, хүний хамгаалалтад 143 тоть байжээ. Тоо толгой эрс буурсан нь XVIII-XIX зуунд тухайн бүс нутагт европчууд зэрлэг зөгийн бал цуглуулах зорилгоор эл шувууны үүрлэдэг моддыг огтлох, агнах, гаршуулж худалдахаар их хэмжээгээр барьж, байгалийн гамшигт үзэгдлээс шалтгаалан нүүлгэн шилжүүлсэн зэрэг шалтгаантай. Мөхлийн ирмэгт ирсэн Пуэрто Рикогийн Амазон тотийг хамгаалалтад авч, тоо толгойг нь өсгөснөөр XX зууны сүүлээр онгон байгальд нь нутагшуулж эхэлжээ.
Анх илрүүлсэн судлаачийнхаа нэрээр овоглох болсон Пржевальскийн адуу бол монгол чуудтай салшгүй холбоотой амьтан. 1960-аад он гэхэд зэрлэг байгальд бүрэн устаж үгүй болсон боловч үржүүлэг, дахин нутагшуулах хөтөлбөрийн ачаар өдгөө голчлон Монголд, тодруулбал, барагцаагаар 1900 орчим байна.
Европын бизон хуурай газрын хамгийн хүнд жинтэй, том хөхтөн бөгөөд насанд хүрсэн эрэгчин нь дунджаар 1200 кг татна. Нэгэн цагт тив даяар өргөн тархсан бизон ХХ зууны эхээр агнуур, амьдрах орчны алдагдал зэргээс устаж үгүй болох аюулд орсон. Европын хамгийн сүүлчийн зэрлэг бизон 1919 онд Польшид үхсэн бол 1927 онд Оросын Кавказад сүүлчийн зэрлэг бизоныг хулгайн анчин буудсан эмгэнэлт түүх бий. Тухайн үед Европын амьтны хүрээлэнгүүдэд байсан 54 бизоны зөвхөн 12 нь онгон байгалаас гаралтай байв. Тэдгээрийг өсгөн үржүүлсний ачаар 1954 онд Польшийн Беловежийн ойд анх буцаан тавьж, дараа нь хэд хэдэн оронд дахин нутагшуулжээ.
Африкийн уулын горилл 1981 онд 253, 2018 онд 1000 гаруй байсан ч устах аюулд орсон хэвээр аж. Гориллын хоёр дэд зүйлийн нэг бөгөөд Африкийн төв хэсгээр, далайн түвшнээс дээш 2200-4300 метрийн өндөрт, ойролцоогоор 40 км урт, 3-19 км өргөн зургаан галт уулын энгэрт амьдардаг.
Амурын, мөн Уссурийн ч хэмээдэг бар Оросын Алс Дорнод болон Хятадын зүүн хойд хэсгээр нутагладаг. Оросын судлаачдын тооцоолсноор БНАСАУ-ын хойд хэсгээр 20 хүрэхгүй байна. 1940 онд 40 орчим үлдсэн Амурын бар 2025 оны долоодугаар сарын байдлаар 750 болж өссөн бөгөөд устах аюулд өртөөгүй хэмээн Оросын мэргэжилтнүүд мэдээлжээ. Орос улс эл амьтны амьдрах орчны 25 хувийг тусгай хамгаалалтад хамруулдаг.
Аварга панда Хятадын төв хэсгийн уулархаг бүс Сычуань, өмнөд Ганьсу, Шаньси мужид, далайн түвшнээс дээш 1800-3200 метрт амьдардаг. Хятадын үндэсний бэлгэ тэмдэг болгосон эл амьтан дунджаар 1.8 метр өндөр, 165 хүртэл кг жинтэй. 2017 он хүртэл устаж үгүй болох аюулд орсон гэжүздэг байсан бол өдгөө онгон байгальд ойролцоогоор 2060 бодгаль байна. Дэлхийн зэрлэг амьтдын сангийн (WWF) бэлгэдэл энэ амьтныг нэгэн үе дипломат зорилгоор бэлэглэдэг байсныг 1984 оноос болиулсан аж. Үүний оронд Хятад бусад оронд 10 жилийн тү рээсийн гэрээгээр пандагаа санал болгодог. Жилд нэг сая ам.долларын түрээстэй бөгөөд эл хугацаанд төрсөн бамбаруушнууд БНХАУ-ын өмч болохыг баталгаажуулдаг юм байна. Тоо толгой нь харьцангуй өссөнтэй холбогдуулан 2016 онд “устах аюулд орсон”-оос “эмзэг” гэсэн ангилалд оруулсан уулын панда буюу хулсны баавгай агнаж, алсан хүнийг Хятадад цаазалдаг.
ТУРШИЛТ НЭРТЭЙ ХАРГИСЛАЛ
Хүн төрөлхтөн хөгжил дэвшлийнхээ төлөөсөнд олон төрөл, зүйлийн мал, амьтныг золиосолсоор ирсэн. Ийм байдлыг халах оролдлого цөөнгүй гарч байгаа ч бүрэн залруулах боломжгүй гэсэн байр суурьтай судлаач, эрдэмтэн олонх нь. Гэхдээ аливаа тэмцэл сайн мэдээ авчирдгийг харуулсан жишээ цөөнгүй. Тухайлбал, 2016 онд BBC-гийн хөтлөгч Дэвид Аттенборо сэтгэл, мэдрэлийн чиглэлээр сармагчингуудыг туршилтад оруулахыг эсэргүүцэн, Британийн Засгийн газар болон Европын холбоонд нээлттэй захидал илгээжээ. Түүний уриалгад тус улсын нэртэй 21 эрдэмтэн нэгдсэн бөгөөд энэ талаар олон улсад маргаан дэгдээж, дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Хүн төрхт сармагчингууд бидэнтэй адил өвдөлт, зовлон мэдэрдэг, тэр ч бүү хэл Паркинсон, Альцгеймер өвчний улмаас шаналдаг. Тиймээс энэ чиглэлийн эмийг тэдэнд туршдаг байжээ. Тухайн үеийн “Cruelty Free International” байгууллагын мэдээллээр Европын Холбоонд сармагчингуудад 6000 туршилт хийжээ. Уг нь Британи зэрлэг ан амьтдыг импортлох, хүн төрхт сармагчин болон бусад амьтныг судалгаанд зориулж туршилтад ашиглахыг хориглосон ч энэ мэтээр хууль зөрчсөөр байсныг Дэвид Аттенборо нарын тэмцлийн үр дүнд таслан зогсоожээ.
2007 онд Европын парламентын гишүүд Еврокомиссын Эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн буй орчны шинжлэх ухааны хороонд хандан сармагчингуудыг судалгааны туршилтэд ашиглахыг бүрэн хориглохыг уриалсан. Үүнээс хойш дэлхийн хэмжээнд олон уриалга гаргасан. Юутай ч уриалгууд энэ төрлийн туршилт явуулдаг орнуудын эрх баригчдад нөлөөлж эхэлжээ.
Амьтны туршилт нь орчин үеийн шинжлэх ухааны хамгийн маргаантай асуудлуудын нэг. 1959 онд эрдэмтэн Уильям Рассел, Рекс Бирч нар шинжлэх ухааны судалгаанд амьтдыг ашиглах хүмүүнлэг хандлага бүхий “Гурван О” дүрэм боловсруулжээ. Амьтдын өвдөлт, зовлонг багасгахын тулд туршилтыг оновчтой болгох, өөр арга эрэлхийлэхийг тусгасан эл дүрмийг сүүлийн үед илүүтэй баримтлах болсон бөгөөд үүнээс ч илүүг эрж хайсаар л байна. Өнөөгийн практикт хулгануудыг өргөн ашигладаг. 1980аад оны сүүлч үеэс хулганын бие даасан генийг өөрчилж, энэ талын ажил улам өргөжсөнөөр бусад амьтныг туршилтад хамруулах нь эрс багассан гэж үздэг.
ЭМЗЭГЛЭМ, ЭЛЭГЛЭМ ТҮҮХ
Хүн төрөлхтөн хөгжлийнхөө түүхэнд байгалийг эрхшээх муйхар үйлдэл өчнөөн хийсний дотор амьтдад ял ногдуулж, шийтгэж байсан нь жигшүүртэй, нөгөө талаар өчүүхэн доройн илрэл. Амьтныг энэрэх үзэл харьцангуй хурдацтай дэлгэрч, дэлхий дээрх амьтай бүхэн адил тэгш байх талаар дуугарч буй өнөө цагийнхны хувьд элэглэмээр, халагламаар хэдэн түүх өгүүлье.
•1386ондНормандадбаганасныхөвгүүнрүү гахай дайрч, нүүрийг нь нэлээд гэмтээсэн хэрэг болжээ. Тэр амьтныг шүүхийн шийдвэрийн дагуу дүүжилсэн. Ингэхдээ бүр хонзогносон маягтай хүүг гэмтээсэнтэй адилаар нүүрийг нь урж, хүний дүрстэй баг зүүлгэж даажигнасан аж.
•1474 онд Швейцарийн Базель хотын шүүх азарган тахиаг цаазлав. Эр байтлаа өндөглөсөн нь ад зэтгэр, муу ёр хэмээжээ. Шулмын хорлол болсон гэх хөөрхий шувууг өндөгнүүдийнх нь хамт галд өрдсөн бөгөөд шинжлэх ухаан хөгжсөн XX зууны эхэн үед харин азарган тахиа “ээж” болох үндэслэлийг Францын эрдэмтэн Пезар тайлбарласан юм. Тэрбээр тахиа зэрэг шувууны хүйс халдварт өвчний улмаас солигдох үзэгдэл байдгийг баталжээ.
•1750 онд эмэгчин илжгийг “уруу татаж” садарласан эр үйлдэл дээрээ баригдаад, өөрийн болон гэмгүй амьтны амийг гайтуулах шахжээ. Тухайн үеийн хуулийн дагуу дүүжлэх болоход хүмүүс илжгийг аврахаар үймээн дэгдээснийг “Францад амьтдыг хэрхэн шийтгэв” номд бич жээ. Иргэдийн эсэргүүцлийн ачаар хөөрхий илжиг хам хэрэгтэн бус, хохирогч болж суллагдсан гэнэ.
•1924 онд Америкийн Пенсильвани мужийн Амбан захирагчийн мууранд халдаж, тасар татсан хэргээр насаараа хоригдох ялд унасан, Пеп нэртэй лабрадор нь нохой, муур бол хүнээс болж хамгийн их хохирдог амьтан болохыг баталсан, хэлмэгдүүлэлтийн тод жишээ. Үнэн хэрэгтээ Пеп буйдангийн буланг мэрснийхээ төлөө шоронд “хатсан” аж.
•Бас л Америкт ийм юм болж. Энэтхэгээс Нью-Йоркт авчирсан Топси нэртэй эмэгчин заан тугал байхаасаа циркт “алба” хааж, мөн Кони-Айленд парк байгуулах хүнд хүчир хөдөлмөрт дайчлагдах зэргээр 28 жил хүний гарт золиослогджээ. Эцэстээ туйлдсан Топси 1903 онд гурван хүнийг няц гишгэсэн бөгөөд хариуцлагаа үүрч, өндөр хүчдэлд цохиулах ял үүрсэн байна.
Э.Хана