Монголчууд бид хэдхэн арваны дотор нүүдэлчин ахуйгаас суурин иргэншилд шилжсэн ард түмэн. Гэвч энэхүү шилжилт зөвхөн орон сууцын гэрчилгээ, байрны түлхүүрээр хязгаарлагдаж буй нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, бидний сэтгэлгээний соёл барилгажилтын хурдаа гүйцэхгүй хоцорч, хотын иргэн болох үйл явц удааширсаар байна. Улаанбаатар хотын хүн амын дийлэнх нь өнөөдөр нийтийн зориулалттай орон сууцад амьдарч байгаа. Гэвч нэг хананы цаана амьдарч буй хөршөө дайсан мэт үзэх, эсвэл огт байхгүй мэтээр үл тоомсорлох нь түгээмэл болжээ.
Нийслэлийнхэн, тэр дундаа нийтийн орон сууцын оршин суугчдаас амгалан тайван байдал гэдэг ойлголт алсраад удав. Уг нь хүний гэр орон алжаалаа тайлах хамгийн дулаан, бас аюулгүй, амгалан тайван орчин байх ёстой. Гэвч барилгын чанар, хананы дуу тусгаарлалт муугаас энэ нь олон хүний хувьд биелэгдэшгүй мөрөөдөл болон хувирчээ. Сахилгагүй хүүхдүүдийн шуугиан, согтуурсан нэгний агсамнал, эсвэл цаг наргүй засвар хийх хөршөөс болоод амрах хугацаа, нойрсох эрхээ алдаж буй хүн цөөнгүй. Ялангуяа унтаж амрах цагаар тааз цөмрөх нь үү гэлтэй түр тар хийн гүйх хөлийн чимээ, инээж, уйлах хүүхдийн дуунаас залхсан хүмүүс нийгмийн сүлжээнд гомдол мэдүүлэх, эсвэл аргаа барахдаа цагдаагийн байгууллагад хандах нь түгээмэл. Гэвч тавьсан шаардлагыг нь хүлээн авахын оронд цагдаа дуудсан хөршдөө өсөрхсөн иргэд “Тайван амармаар байгаа бол хувийн сууцдаа амьдар” гэх ганц өгүүлбэрээр л амыг нь таглачихдаг байна.
ХОНОГООР ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “СҮҮДЭР”
Орчин үеийн хотжилтын сөрөг үр дагавар болж, оршин суугчдын тав тухыг хамгийн ихээр алдагдуулж буй хүчин зүйлийн нэг нь орон сууцыг хоногоор түрээслүүлэх үйлчилгээ юм. Сүүлийн таван жилийн хугацаанд эрчимтэй газар авсан энэхүү үзэгдэл нь зөвхөн ашиг олох зорилготой хувь хүмүүсийн дур зоргоороо авирлах талбар болон хувирчээ. Хотын зах болон төв хэсэгт, ялангуяа томоохон эмнэлэг, худалдааны төвүүдийг дагасан байршил дахь орон сууцуудыг хоногийн 170-300 мянган төгрөгөөр түрээсэлж буй. Хэдийгээр Барилгын болон Орон сууцын тухай хуульд зориулалтын бусаар буюу орон сууцыг зочид буудлын чиглэлээр ашиглахыг хязгаарласан заалтууд байдаг ч амьдрал дээр тэдгээрийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа нь нууц биш. Түрээслүүлэгчид ихэвчлэн татвар төлдөггүй, бүртгэлгүй үйл ажиллагаа явуулдаг тул тэнд хэн орж, гарсныг хянах боломжгүй. Цагдаагийн байгууллагын мэдээллээр хоногоор түрээслэх байруудад архидалт, танхайрах явдал олонтоо бүртгэгддэг байна. Өөрөөр хэлбэл, үүний цаана оршин суугчдын аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчөөд зогсохгүй зарим тохиолдолд биеэ үнэлэлтийн үүр уурхай болж хувирсан жишээч цөөнгүй аж.
Хоногоор түрээслэгчдэд тухайн байрны СӨХ-ны дүрэм, хөршүүдийн амгалан тайван байдал огтхон ч хамаагүй. Тэд ердөө 24 цагийн “эзэн” учраас лифтэнд тамхи татаж, хогоо хаалганы гаднаа хаяж, шөнөжин орилж хашхирлаа ч хариуцлага хүлээх эзэн нь тодорхойгүй үлддэг нь хамгийн том асуудал гэнэ.
ХҮҮХДИЙН ЭРХ ҮҮ, ХӨРШИЙН АМГАЛАН БАЙДАЛ УУ
Нэг дор олон айл хөршлөн амьдрахад хариуцлага, бас сэтгэл шаардах нь ойлгомжтой. Үүнийг зохицуулж, тухайн орон сууцын өнгө төрх, гаднах орчны тав тух, үзэмжийг нь засаж сайжруулах үүргийг СӨХ хүлээдэг. Хариуд нь иргэд аюулгүй, тав тухтай орчинд амьдрахын тулд сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Харамсалтай нь, өнөөдөр Монголд сар бү рийн төлбөрөө тогтсон хугацаандаа төлдөг өрх, хураасан мөнгөөрөө юу хийснээ нэгд нэгэнгүй тайлбарлаж, тайлан тавьдаг шилэн СӨХ нүдний гэм болжээ. СӨХ-ныхон авсан хураамжаараа юу хийдэг нь тодорхойгүй атлаа үргэлж мөнгө нэхдэг, үйлчилгээ хангалтгүй хэмээн унтууцах иргэн ч цөөнгүй.
Монгол Улсад нийтийн зориулалттай орон сууцын 8007 байшинд 680 мянга орчим иргэн амьдардаг бөгөөд албан ёсоор бүртгэлтэй 1640 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулж байна. Гэвч энэ олон холбоо оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах тал дээр учир дутагдалтай аж. Тухайлбал, зарим айл хана, тааз нураах гэж байгаа мэт лантуу, лоомоор өдөр шөнөгүй нү дэж, хөршүүдээ залхаан цээрлүүлдэг. Эцэст нь тэсвэр алдарсан оршин суугчид тэрхүү чимээ шуугианаас зугтаж, гэрээсээ хурдан гарахын түүс болдог байна. Ингээд бидний өмнөөс асуудлыг минь шийдвэрлэх байгууллага хэмээн найдаж СӨХ-ндоо хэл дуулгадаг ч “Хуулийн дагуу 22.00 цагаас өмнө засвар хийж байгаа бол бид хориглох эрхгүй” гэхээс өөр тайлбар өгдөггүй аж. Мөн орон сууцад гардаг маргааны дийлэнх нь хүүхдийн дуу чимээтэй холбоотой. Энэ тохиолдолд тухайн хүүхдийн эцэг, эх “Хүүхэд юм чинь гүйлгүй яах вэ” гэх бол нөгөө талд нь өндөр настан, өвчтэй хүн, эсвэл өглөө эрт ажилдаа явах иргэдийн амрах эрхийг зөрчиж, “тамладаг”. Хүүхдийн хөдөлгөөнийг хорих аргагүй ч гэрийнхээ шаланд дуу тусгаарлагч хийх зэргээр үрсээ бусдын амгалан тайван байдлыг хүндэтгэх соёлд сургах нь угтаа эцэг, эхийн үүрэг баймаар.
Иргэний хуулийн суурь зарчимд өмчлөгч өөрийн өмчөө ашиглахдаа бусдын эрх ашгийг хөндөхгүй, хохирол учруулахгүй байх үүрэгтэйг тодорхой заасан байдаг. Гэвч бодит амьдралд “Би өөрийнхөө мөнгөөр авсан байрандаа юугаа хийх нь хэнд хамаатай юм” гэх явцуу үзэл бидний дунд хүчтэй оршсоор буй. Үнэндээ нийтийн орон сууцад амьдарч эхэлсэн тэр мөчөөс таны хувийн цайз бусдынхтай хана, тааз, шугам сүлжээгээр холбогддог. Орон сууц гэдэг бол зөвхөн таны халдашгүй орон зай бус, дээр, доор, хажуу талд тань орших олон хүний эрх ашигтай сүлэлдсэн нийтийн өмч гэдгийг ойлгох учиртай.
БҮДҮҮЛЭГ ЗАН БИШ, ГЭМТ ХЭРЭГ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид хүн шөнийн цагаар 30-40 децибелээс (дб) дээшгүй чимээгүй орчинд унтах ёстой гэж заасан байдаг. Харьцуулж үзвэл орон сууцын дундаж зузаантай хананы цаанаас сонсогдох чанга хөгжим 80-90, хүүхдийн гүйх чимээ 60-70 дб хүрдэг гэнэ. Энэ нь хүнийг гүн нойрсоход саад болж, улмаар ажлын бүтээмж буурах, стресстэх, замын хөдөлгөөнд анхаарал алдах зэрэг олон сөрөг үр дагавартай. Үндсэндээ шөнийн цагаар зүй бус чимээ гаргах нь бусдын эрүүл мэндэд шууд заналхийлж буй хэрэг юм. Анагаах ухааны олон судалгаагаар нойрны дутагдал нь зүрх, судасны өвчин, сэтгэл гутрах, дархлаа сулрах гол шалтгаан болдог. Тиймээс хөршийнхөө таазан дээр бөмбөг нүдэж, шөнийн 03.00 цагт хөгжим чангалах нь зөвхөн бүдүүлэг зан биш, бусдын эрүүл мэндэд заналхийлж буй гэмт үйлдэл гэсэн үг.
АЛБАДАН НҮҮЛГЭХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВДАГ
Манай улсад хөршийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчин сул. Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйл дэх “Нийтийн зориулалттай орон сууцад шөнийн цагаар бусад оршин сууг чийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг 100 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоно” гэх ядмаг заалтаар асуудлыг шийдэх гэж оролддог ч энэ нь давтан зөрчил гаргагчдад ямар ч нөлөө үзүүлдэггүй. Тэгвэл Герман, Япон зэрэг өндөр хөгжилтэй оронд хөршүүдийн хооронд үүссэн дуу чимээний маргааныг цагдаа биш, тусгайлан томилсон зуучлагч, эсвэл орон нутгийн зөвлөл шийддэг. Хэрэв зөрчил удаа дараа давтагдвал байр өмчлөгчийг албадан нүүлгэх хүртэл хатуу арга хэмжээ авдаг байна.
Харин манайд Иргэний хуулийн 148.2.2-т ч “Бусдын эрх ашгийг ноцтой зөрчсөн тохиолдолд өмчлөгч өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхийг бусад өмчлөгчид шаардах эрхтэй” гэж заажээ. Гэхдээ үүнийг бодит байдалд хэрэгжүүлсэн туршлага бараг байхгүй гэнэ. Учир нь манайд ноцтой гэдгийг тодорхойлох хэмжүүр байхгүйгээс гадна шүүхийн процесс хэтэрхий удаан.
Хотын соёлыг зөвхөн ганган хувцас, үнэтэй машин, шилэн барилгаар төсөөлдөг үе ард хоцорсон. Жинхэнэ хотын соёл бол бусдад саад болохгүйгээр зэрэгцэн орших чадвар юм. Хогоо ангилж хаях, цахилгаан шатанд тамхи татахгүй байх, шөнийн цагаар дуу чимээгээ багасгах зэрэг нь ердөө л хүн ёсны үйлдэл. Хөршүүд бие биедээ итгэдэг, нэгнийхээ эрхийг хүндэтгэдэг орчинд л жинхэнэ аюулгүй байдал, аз жаргал бүрэлддэг. Тиймээс бид хөршөө таньдаггүй гэдгээрээ бахархах бус, харин өөрсдийн амгалан тайван байдлыг харилцан хамгаалдаг соёлоороо уралдах цаг хэдийн иржээ.
Э.Сүйлэн