“Хөгжлийн банк”-ны гэх дуулиант хэрэгт холбогдсон зарим хүний шүүх хурлыг өнөөдөр Улсын дээд шүүх хянан хэлэлцэхээр товлоод байна. Тус банкны ТУЗийн гишүүнээр ажиллаж байсан Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, Н.Баярчимэг, О.Хуягцогт, Д.Даваасамбуу, Б.Махбал нар албан тушаалаа урвуулан ашиглаж НВЦ, “Монгол драй милк”, “Пирамид орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Мондулаан”, “Бэрэн групп” компанид давуу байдал бий болгоход 1-7 хүртэлх удаагийн үргэлжилсэн үйлдлээр хамтран оролцож, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг анхан шатны шүүх цагаатгасныг давж заалдах шатны шүүх хүчингүй болгоод буй. Учир нь анхан шатны шүүхээс яллах, цагаатгах талын бүхий л нотлох баримтыг нотолгооны стандарт, шаардлагын хүрээнд нарийвчлан, бүрэн, бодитой шалгаж үнэлээгүй, хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн.
Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарт холбогдох Монгол Улсын Засгийн газрын тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчин “Говийн зам” ХХК-ийн барьсан авто зам, “Энержи ресурс”-ийн Гашуун сухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар байгуулсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, улмаар “Энержи ресурс”, “Говийн зам” ХХК-д давуу байдал бий болгосон хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж дүгнэсэн. Түүнчлэн Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох “Бэрэн групп”-д давуу байдал бий болгосон хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон цагаатгахдаа хууль ёсны, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан гэж үзсэн юм. Мөн “Мондулаан”-ы Ш.Бүтэд, “Монгол драй милк”-ийн буюу “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ, Э.Эрдэнэбилэг, “Сэлэнгийн герефорд”-ын Г.Галсанням, Г.Батдорж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат, ТУЗ-ийн гишүүн асан Б.Даажамба, М.Баярмагнай нарын үйлдлийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр болоод буй билээ.
Үүнтэй холбоотойгоор нэр бүхий өмгөөлөгч нар өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүхийн гадаа очиж ерөнхий шүүгчид хандан өргөдөл өгөв. Өөрөөр хэлбэл, “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг энэ долоо хоногт товлох мэдээллийг авсан өмгөөлөгч нар попрох аргаа олсон нь энэ. Тэд өргөдөлдөө “Улсын дээд шүүхийн 2024 оын арванхоёрдугаар сарын 11-ний 2024/ХШТ/138 дугаартай тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8-1.4-т заасныг удирдлага болгон, тогтоох хэсгийн гурав дахь заалтад “хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай” гэж шийдвэрлэжээ. Тодруулбал, “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой эрүүгийн хэргийн зарим холбогдогчид холбогдох хэсгийг хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцаасан байна. Ийнхүү буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны зургаадугаар сарын 3-ны хуулийн дөрөвдүгээр зүйлд “40.8-1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай” гэснийг зөрчжээ. Тодруулбал, хяналтын шатны шүүхийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах тухай бүрэн эрхийг олгосон хуулийг хууль тогтоогч хүчингүй болгосон байхад “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэргийн зарим холбогдогчид холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатанд буцаасан нь Үндсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай нийцэхгүй байна” гэсэн утгатай зүйл бичсэн юм.
Магадгүй өмгөөлөгч нар УИХ-ын гишүүдийн өөрсдөдөө зориулан баталсан хуулийн цоорхойг ашиглан дээрх хэрэгт холбогдсон улс төрчдийг эрүүгийн хариуцлагаас мулталж авах гэсэн санаархал ч байж болох. Бас эрх зүйч, хуульч болгон хуулийг өөрийнхөөрөө тайлбарладаг болсны илрэл ч гэхэд хэтийдсэн болохгүй биз.
ЗОРИЛТООС ХАЗАЙСАН ЗААЛТЫН БАЛАГ
Өгүүлэн буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлд хяналтын шатны шүүхийн гаргах шийдвэрийн талаар заасан байдаг. Тухайлбал, 40.8-1-т “Хяналтын шатны шүүх дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд 1.1-т нь “Гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” гэж тусгасан. Эл зүйлийн 1.3-т нь “Энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэж заасан байсныг 2022 оны зургаадугаар сарын 3-нд хүчингүй болгочихсон юм. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчид өөрсдөдөө ашигтай хууль баталсны балаг нь ийнхүү гарч ирж байна.
Өмгөөлөгч нар ч үүнийг овжноор ашиглах гэж үзэж буй юм. Тэд “Хөгжлийн банк”-ны гэх хэргээс өмнө энэ асуудлыг сөхөж яагаад болоогүй гэж. 2022 оны зургаадугаар сарын 3-наас хойш даруй дөрвөн жил илүү хугацаа өнгөрчихсөн. Энэ хооронд “Хөгжлийн банк”-ныхаар тогтохгүй өөр хэд хэдэн олны анхаарал татсан хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Жишээлбэл, ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарын, “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр” төслийн зохицуулагч асан А.Мөнхтайваны, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, ШШГЕГ-ын газрын дарга, хурандаа Б.Цогжаргал тэргүүтний гэх зэрэг хэргийг Дээд шүүхээс анхан шатны шүүх рүү буцаагаад заримыг нь дахин хэлэлцэн шийдвэрлээд байгаа. Цөөнгүйд нь нэмэлт ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээс прокурорын хяналтад буцаачихсан. Энэ мэтээр олны анхаарал татсан хэргүүдийг Дээд шүүх буцааж байхад дуугүй байсаар атлаа зөвхөн “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт холбогдсон улс төрчид, бизнес эрхлэгч нэрээр тус банкнаас зээл авчхаад төлөлгүй “луу унжигсдыг” Дээд шүүх хэлэлцэх болохын өмнө үүнийг сөхөв. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимтай гэж байнга давтдаг эрхэм өмгөөлөгч нар бусад хэргийн оролцогчдын эрх ашгийг ч сөхөх ёстой байсан бус уу.
Ерөөс өмгөөлөгч нарын сөхсөн энэ заалт болбоос хууль тогтоогчдын өөрсдөдөө ашигтай, хуудуутай хууль баталдгийн бодит жишээ. Хууль тогтоогчид, боловсруулагчид шүүх болон бусад байгууллагынхаа судалгаа, шинжилгээг ч үл ойшоодгийн илрэл. Олон хууль нь авцалдахгүй, зөрчилддөг гэх судалгаа байгаа шүү дээ. Энд дурдаад буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8-1.3 дахь заалтыг хүчингүй болгосон нь уг хуулийнхаа зорилттой нийцэхгүй байгаа юм. Эл хуулийн хамгийн эхэнд буюу 1.1 дүгээр зүйлийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт гэсэн хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гээд заачихсан. Тэгэхээр гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж шударгаар эрүүгийн хариуцлага ногдуулсан уу, үгүй юү гэдгийг засах үүднээс Дээд шүүх нь доод хоёр шатны шүүхийнхээ тогтоол, магадлалыг хянаж байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлд “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэж заасан. Энэ нь аливаа шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалыг Улсын дээд шүүх хянах үүрэгтэйг баталгаажуулсан өгүүлбэр болов уу.
Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийнхээ олж хараагүй, алдаа эндлийг засаж залруулах үүднээс байх ёстой нь гарцаагүй. Тиймгүй бол энэ шүүхийн ач холбогдол гэж үгүй биз. Энд бас давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хууль тогтоогчид хязгаарласан асуудлыг хөндөж, эргэж харах шаардлагатай гэдгийг сануулахад илүүдэхгүй байх. Хэрэв давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, ялыг хүндрүүлэх эрхтэй сэн бол Дээд шүүх хүртлээ явж хугацаа алдахгүй байх боломжтой гэж харагддаг юм.
Үүнээс гадна Үндсэн хуулийн 50.2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно” гээд тусгачихсан. Тэгэхээр “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тогтоол гаргасан нь Үндсэн хуульд заасан үүргээ хэрэгжүүлж буй явдал биш гэж үү. Үүнд нь өмгөөлөгч нар гомдоллох шаардлага байна уу.
Хуулийг өмгөөлөгч, хэн нэгэн эрх зүйн багш, хуульч, эрх зүйчид тайлбарладаггүй. Улсын дээд шүүх Үндсэн хуулийн 50.4-т заасан эрхийнхээ хүрээнд Үндсэнээс бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргадаг гэдгийг эрх зүйн чиглэлээр номын дуу сонссон хүн бүр л мэддэг шүү дээ.