“Хаадын зам” арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Дэлгэрхаан сумд “MOR art gallery” буюу “Бичиг үсгийн анхны галерей”-г нээлээ. Энэхүү галерейг “Чингис хаан” үндэсний музей, “Хөх бичиг” соёлын академитай хамтран хэрэгжүүлж буй “MOR national art gallery network” төслийн хүрээнд байгуулсан юм. Уг төслийг 21 аймагт үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд тухайн орон нутгийн түүх, соёлын өв, газар зүйн онцлог, уран бүтээлчдийн нөөцөд түшиглэсэн орчин бүрдүүлэхийг зорьж буйгаараа онцлогтой. Дэлгэрхаан сум нь Цогтын хадны бичээс тэргүүтэй түүх, соёлын олон дурсгалтай нутаг. Тиймээс галерейг тус сумын онцлог болон бичиг соёлын өвтэй уялдуулан хөгжүүлэх нь.
Түүнчлэн үзэсгэлэн гаргах, сургалт зохион байгуулах, уран бүтээлчдийн туршлага солилцох замаар цаашид үндэсний урлагийн нэгдсэн сүлжээ бий болгохоор төлөвлөжээ. Ташрамд дурдахад, Дэлгэрхаан сумын орох хэсэгт 6.6 метрийн өндөртэй уран баримал босгох аж. Уг бүтээлээр дамжуулан үндэсний бичиг, соёлын онцлогийг тухайн нутгийн өвөрмөц шинжтэй хослуулан харуулах бөгөөд сумын соёлын шинэ таних тэмдэг болгохоор зорьж буй гэнэ.
Э.Сүйлэн