“МОНГОЛТОЙ ХЭЛЭЛЦЭХЭД ХЭЛМЭРЧ ШААРДЛАГАГҮЙ”
-Таныг Москвад хүлээн авч байгаадаа баяртай байна. Ингэхэд бидний яриаг орчуулах хүн хэрэгтэй юү, эсвэл орчуулагчгүйгээр..?
-Орчуулагчийн хэрэггүй дээ.
ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд нарын хооронд ийм яриа өрнөснийг “Комсомольская правда” онцолж, хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээнээс хийсэн сурвалжлагаа “Монголтой хэлэлцэхэд хэлмэрч шаардлагагүй” гэж гарчиглажээ.
ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙ БА “ХАЧИРХАЛТАЙ ЯВДЛУУД”
Оросын хамгийн нөлөө бү хий өдөр тутмын “Коммерсант” сонины тоймч Александр Габуев “Монгол Орос руу эргэлээ” нийтлэлдээ “В.Путин, С.Батболд нарын уулзалтын дүнд Монголын ашигт малтмалын төлөөх тэмцэлд алдаад байсан боломжоо Москва сэргээж авах шиг боллоо” хэмээн тэмдэглэв. Түүний нийтлэлээс сийрүүлье. “ С ү х б а а т а р ы н Батболдын айлчлан ирэхийг Москва хүлээж байлаа.
Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард Санжийн Баярыг эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайдын албаа өгөхөд халааг нь авсан билээ. Ноён Баярын өвчин хууч Оросын хувьд таагүй явдал болсон юм. Москва өнгөрсөн жилийн турш Улаанбаатартай хэлэлцээ явуулахдаа Монголын төмөр зам болон дэд бүтцэд хөрөнгө оруулсныхаа хариуд энэ орны хамгийн баялаг орд болох нүүрсний Тавантолгой, алт-зэсийн Оюутолгойн лицензийг авахаар чармайсан.
Уг нь Москвагийн их сургуулийн хуулийн тэнхимд суралцаж төгссөн, ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ерөнхий сайд С.Баярыг энэ хэлэлцээний баталгаа болно гэж тооцож байлаа. С.Баяр Ерөнхий сайд байхдаа Оюутолгой, Тавантолгойн лицензийг “Оросын төмөр зам” болон Монголын төрийн өмчит “Эрдэнэс Монгол”, “Монголын төмөр зам” компаниудын нэгдэл “Дэд бүтцийн хөгжил” хамтарсан байгууллагад өгөхөөр Владимир Путинд амласан тухай “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн Владимир Якунин “Коммерсант”-д ярьсан байна. Гэвч хачирхалтай явдлууд өрнөж эхэлсэн билээ.
С.Баяр халаагаа өгөхөөс өмнөхөн Оюутолгойн лицензийг АвстралиБританийн “Рио Тинто”, Канадын “Айвенхоу Майнз”-ын эвсэлд шилжүүлэв. Улмаар Монголын Засгийн газар Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг олон улсын тендерээр шалгаруулахаа зарласан нь Москвагийн хувьд гэнэтийн явдал болов. С.Баярын дараах Ерөнхий сайд ноён Батболд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөгч.
Түүнд Москва итгэж болох авч өдий хүртэл найдвар төрүүлсэнгүй. С.Батболдын Засгийн газар энэ оны хоёрдугаар сард Тавантолгойн 49 хувийг зарахгүй, харин гадаадын хөрөнгө оруулагчдыг өөр аргаар татахаа мэдэгдэв… ОХУын ГХЯ-ны ажилтны хэлснээр, С.Батболд өнгөрсөн онд ОХУ-д нэг ч удаа ирээгүй хэрнээ АНУ, Канадад айлчилж, Японы Ерөнхий сайд Наото Кантай уулзсан байна.
МОНГОЛЫН ӨР ТАВАНТОЛГОЙТОЙ ТЭНЦЭХ ҮҮ
Орос, Монголын Ерөнхий сайд нарын уржигдар явуулсан хэлэлцээг үр ашигтай болсон гэж талууд дүгнэж байгаа юм. Хоёр улсын Засгийн газрын тэргүүнүүд гарын үсэг зурсан баримт бичгүүдийн дотор Дорнодын ураныг хамтран ашиглах хэлэлцээрээс гадна хамгийн ач холбогдолтой нь ОХУ-д төлөх Монгол Улсын 180 сая ам.долларын өрийг шийдсэн хэлэлцээр боллоо.
Москва энэ өрийг Монголын байгалийн баялгаас хүртэх ашигтай төсөл болгон хувиргахаар нэг бус оролдсон. Харин энэ удаа Орос, Монголын хооронд өрийн тухай ярианд цэг тавилаа. ОХУ-ын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Хоёр талд ашигтай төслийг хамтран хэрэгжүүлэх байдлаар өрийг хэсэгчлэн тэглэнэ” гэж хэлсэн.
Түүнчлэн Оросын талын өөр нэг эх сурвалж “Коммерсант”-д өгүүлснээр бол, Тавантолгойн ордыг ашиглах ОХУ-ын сонирхлыг харгалзаж үзнэ гэсэн Монголын амлалтын улмаас өрийн асуудлыг шийдсэн байна. Харин Д.Песков Тавантолгойн орд дахь Оросын сонирхол хэвээр байгааг нотолсон ч дэлгэрэнгүй тайлбар хэлэхээс татгалзав.
УЛААНБААТАР МОСКВАГААР ТОГЛОЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ
180 сая ам.долларын өрийг шийдсэн өөр нэг хүчин зүйл бол Монгол Улсын Засгийн газраас энэ оны есдүгээр сард гаргасан төмөр замын сүлжээг өргөтгөхдөө орос стандартын 1520 мм-ийн цариг бүхий зам тавих тухай шийдвэр юм. Түүнчлэн Монголын Засгийн газар Тавантолгойгоос Чойбалсан хүртэл 1.1 мянган км төмөр зам тавихаа зарласан нь ирээдүйд Транссибириэр зөөх нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх, цаашлаад Оросын боомтуудаар дамжин Алс Дорнод руу чиглэх нүүрсний гарцыг бий болгох юм.
Хоёр улсын тээврийн салбарын сайд нар уржигдар ОХУын нутаг дэвсгэр дээгүүр ачаа тээвэрлэх тухай меморандум байгууллаа. Монгол Улс нүүрснийхээ дийлэнх хэсгийг Оросын нутгаар дайруулан, Транссибирийн төмөр замаар тээвэрлэнэ гэж Москва тооцоолж байгаа. Оросын албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар, энэ нь Тавантолгойн төлөөх тэмцлийн гол аргын нэг юм. В.Путин, С.Батболд нарын тохироо Монголын бай галийн баялгаас хүртэх Оросын тэмцэлд дахин итгэл төрүүл лээ.
Гэвч “Улаанбаатарын амлалт бол гадаадын хөрөнгө оруулагчидтай олон жил хийж байгаа тоглолтынх нь нэг нүүдэл ч байж болох юм шүү” гэж шинжээчид сануулж байна. “Монголын Засгийн газар Тавантолгойн орд хүртэл хамгийн боломжит чиглэлүүдээр төмөр зам тавихын төлөө байсан. Хэрэв ОХУ-ын компаниуд Транссибирь хүртэл зам тавьж, санхүүжүүлэхэд бэлэн байгаа бол сайн хэрэг.
Гэхдээ ингэлээ гээд Тавантолгойн лицензийг автоматаар ороод ирнэ гэж төсөөлбөл юу л бол. Хөрөнгө оруулагч, тээвэрлэгчийг зах зээл тодорхойлно шүү дээ” хэмээн Монгол дахь гадаадын хөрөнгө оруулагчдын ажил хэргийн зөвлөлийн захирал Жим Дуайер “Коммерсант”-д ярьжээ. Дэлхийн банк бүр 2008 онд Улаанбаатарын захиалгаар төмөр замын ямар чиглэл хямд төсөр байхыг судалжээ.
Судалгааны дүнд Монголоос өмнөд чиглэлд тээвэрлэх нь Тавантолгойн нүүрсэнд БНХАУын аварга том зах зээлийг нээх, Хятадын Тянжин боомтоор Япон, Өмнөд Солонгос руу хүдэр зөөх нь Оросын нутгаар дамжуулахаас хоёр дахин хямд тусахыг тэмдэглэсэн байна.
“МОНГОЛЧУУД ЯАЖ Ч МЭДНЭ”
Монголын Засгийн газарт ойр албан бус эх сурвалж “Коммерсант” сонинд ярихдаа, монголчууд өмнөд хөршөөсөө үлэмж хараат байхаас айдаг учраас Улаанбаатар Москватай хамтрахад хүрдэг гэжээ. Хятад улс Монголын хил хүртэл зам тавьж амжсан бөгөөд энэ нь Тавантолгойгоос ердөө 50 км зайтай, үүгээр уг ордоос ачааны машинууд нүүрс зөөдөг. Нэгтэй байснаас хоёр замтай байх нь үргэлж илүү.
Хожим хоёр замын нэг онцгой эрэлттэй байсан ч монголчууд хоёр замтай байхыг илүүд үзэж болох л юм. Тиймээс Москва бэлэн байх хэрэгтэй. Хятад руу хүдэр тээвэрлэх компанид Тавантолгойн хувиа өгчихлөө гэж мэднэ. Эсвэл өдгөө УИХын гишүүний хөдөлмөрт зүтгэж, Эрхүүгээр айлчлаад мордсон өмнөх Ерөнхий сайд шиг С.Батболдын бие гэнэт тааруухан болж ч мэднэ.
Б.Энхцэцэг