
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцлээ. Улаанбаатарт өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа бөгөөд биелэлт нь 57 хувьтай гэнэ. Тодруулбал, Дулааны V цахилгаан станц барих талбайн үнс чөлөөлөлт 20, Бөөрөлжүүлтийн цахилгаан станцын III ээлжийн ажил 21, Улаанбаатар хотын 17 байршил дахь 18.9 км дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл 62.5, 3053 тоноглол, цахилгаан дамжуулах агаарын шугамын засвар үйлчилгээ 97.1, 16 байршил дахь авто замын борооны ус зайлуулах шугам угсралт 72, үерийн ус зайлуулах далан сувгийн ажил 55 хувьтай байна.
2026-2027 оны өвөл зам, талбайн халтиргаа гулгаанд 11 025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөжээ. Ирэх жилийн хавар нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжийг тодруулах сонгон шалгаруулалтад 20 компани оролцож, 11 590 тонн мах бэлтгэх хүсэлт ирүүлсэн бөгөөд тэдгээрт олгох зээлийг судлуулахаар арилжааны банкнуудад хандаад байгаа аж. Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд боловсролын салбарт 131, эрүүл мэндийн чиглэлээр 23 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өдгөө 70 хувийн гүйцэтгэлтэй байгааг холбогдох албаныхан танилцуулав. Сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор бүрэн дуусгахаар төлөвлөсөн бол хотхоны бага сургууль байгуулах ажлыг хэдийн эхлүүлснийг нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва онцоллоо. Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобусаар үйлчлэхээр бэлтгэж байгааг дурдав.