
Японы Айчи муж болон Нагоя хотод есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4 хүртэл үргэлжлэх “Айчи-Нагояа- 2026” Азийн наадмын хөтөлбөр шинэчлэгдэж, спортын төрөлд холимог тулаан, крикет анх удаа багтав. Холимог тулаан нь жиү жицү, кураш бөхийн барилдааны хамт комбат спорт ангилалд орж, нийт зургаан медалийн төрлөөр явагдахаар төлөвлөгджээ. Тэгвэл крикетийн T20 төрөл эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангилалд болох нь. Хамгийн сүүлийн байдлаар эрэгтэйчүүдийн тэмцээнд Энэтхэг, Пакистан, Бангладеш, Шри Ланка шууд хасагдах шатанд орох бол Афганистан, Хонконг, Япон, Малайз, Балба, Оман улсын баг урьдчилсан шатанд өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцох найман баг шөвгийн наймын шатнаас тэмцээнээ эхлүүлэх аж.
Тус улсад гурав дахь удаагаа зохион байгуулах эл наадамд И-спортын төрөл мөн медалийн хөтөлбөрт багтаж, “Айчи sky expo”-д зохион байгуулагдах юм. Албан спортын хөтөлбөрт Street Fighter 6, Tekken 8, The king of fighters XV, Pokеmon unite, Honor of Kings, League of Legends, Pubg mobile, Asian Games Version, Mobile Legends: Bang Bang, Identity V Asian Games Version, Naraka: Bladepoint, Gran Turismo 7, eFootball, Puyo Puyo champions зэрэг цахим спортын төрөл тусгагдсан байна. Зохион байгуулах хороо өнгөрсөн зургаадугаар сарын 16-наас энэ сарын 6-нд тэмцээний хуваарь, спортын хөтөлбөрт өөрчлөлт орсон талаар албан ёсоор мэдээлсэн. Иймээс одоогийн спортын хөтөлбөр нь хамгийн сүүлийн шинэчилсэн хувилбар боловч наадам эхлэх хүртэл тодорхой техникийн болон хуваарийн өөрчлөлтүүд гарах боломжтой. Энэ удаа 43 спортын төрөл багтаж, тэмцээн уралдаанууд 53 байгууламжид явагдах аж. Дээрх наадмыг өмнө нь Токио хотод 1958, Хирошимад 1994 онд зохион байгуулж байв.