
Монголын гольфын холбооноос зохион байгуулсан “Mt.Bogd championship 2026” тэмцээнд шигшээ багийнхан өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн багаас Б.Мөнхбаатар, эмэгтэйчүүдээс Б.Янжинлхам тэргүүн байрт шалгарч, “Маунт Богд” клубийн албан ёсны тамирчин болох болзол ханган ирэх жил тус клубт үнэ төлбөргүй бэлтгэл сургуулилалт хийх боломжийн эзнээр тодорлоо. Тус тэмцээний дараа тус холбоо тамирчдын чансаа шинэчлэгдсэнийг танилцуулсан. Энэ удаа эмэгтэйчүүдээс Б.Янжинлхам 1500 оноогоор чансааг тэргүүлсэн бол Х.Тэлмэн (1200) удаалж, Г.Алтанбилэг (1175) III байрт бичигджээ. Эрэгтэйчүүдээс О.Солонгобат (1872.5), Б.Мөнхбаатар (993.75), М.Отгонбаяр (716.25 оноо) эхний гурван байрт жагссан юм. Шигшээ багийнхнаас О.Солонгобат, Ж.Анарбат, Б.Жавхлан, Б.Янжинлхам, Г.Алтанбилэг нар Японд ирэх сарын дундуур эхлэх “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцоно. Тэд өнгөрсөн тавдугаар сард тус холбооны эл наадамд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах сорилго тэмцээнд оролцохдоо тоглолтын нийлбэр дүнгээр тэргүүлэн, хамгийн өндөр оноог авснаар Японыг зорих эрхийг гардсан аж. Сорилго тэмцээнийг дөрвөн өдрийн турш цаг агаарын хүнд нөхцөлд явуулж, тамирчдын ур чадвар, тэсвэр хатуужлыг шалган тодруулсан байна.