Монгол орны хойд бүсийн хорт хавдрын эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Орхон аймаг дахь Хавдрын оношилгоо, эмчилгээний төв (ХОЭТ)-д БНСУ-ын сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох “Remission 1°C” дулаан эмчилгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх санамж бичгийг ЭМЯ-нд өчигдөр байгууллаа. Энэхүү төхөөрөмж нь өндөр давтамжийн дулааны тусламжтайгаар хавдрын эсэд нөлөөлж, дархлаа дэмжихэд тусалдаг байна. Тодруулбал, эд, эрхтний цусны урсгалыг эрчимжүүлэн, хими болон туяа эмчилгээний үр дүнг сайжруулж, биеийн дархлааны системийг идэвхжүүлж, хавдрын эстэй тэмцэх, түүнийг байгалийн аргаар устгах үйл явцыг түргэсгэх чухал ач холбогдолтой аж.
ЭМЯ, БНСУ-ын “АдипоЛабс” ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны дээрх санамж бичгийн хүрээнд нийлүүлж буй “Remission 1°C” технологи нь хавдрын тусламж, үйлчилгээг бүсчилсэн тогтолцоогоор хөгжүүлэх, орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг орон нутагт нутагшуулахад ихээхэн дэмжлэг болно гэдгийг албаныхан онцолсон. Тус компанийн ерөнхий захирал Хан Сун Хо “Өндөр хэмт дулаан эмчилгээний энэхүү төхөөрөмж нь хүний биеийн температурыг 42 хэмээс дээш түвшинд аюулгүйгээр нэмэгдүүлж, дархлааны тогтолцоог идэвхжүүлэх замаар хавдрын эсийг устгахад дэмжлэг үзүүлдэг, аюулгүй бөгөөд гаж нөлөөгүй технологи” гэв.
Хойд бүсийн ХОЭТ нь Орхон, Булган, Хөвсгөл аймгийн 308 мянга гаруй хүн амд хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлж буй. Цаашид Дархан-Уул, Сэлэнгэ аймгийг хамруулснаар 525 мянга гаруй иргэнд үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх гэнэ. ХОЭТ-ийн байнгын хяналтад өдгөө 5852 өвчтөн бий бөгөөд жилд дунджаар 1500 гаруй шинэ тохиолдол, хавдрын шалтгаант нас баралт 950 орчим бүртгэгддэг аж. Санамж бичгийн хүрээнд талууд тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна эмч, мэргэжилтнүүдийг сургах, техникийн дэмжлэг үзүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ, эмнэл зүйн судалгаа хийх, эм¬ чилгээний арга, технологи нутагшуулах юм.
О.ОРГИЛОХ