
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр авто замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо ирэх сарын 17-28-нд болохтой холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шаардлага үүссэн. Улмаар ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөөд байна. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан замын хөдөлгөөнд ийн хязгаарлалт хийхээс өөр аргагүй болсон” хэмээв.
У.СҮРЭН