
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш, судлаач Н.Батсайхан Улаанбаатар хотын гудамж, талбайд элбэг ургадаг таримал царгасыг нийслэлийн хөрс, усны бохирдлыг сааруулахад ашиглах санал гаргалаа. Мал таргалуулах болон сүүний гарц нэмэгдүүлэхэд маш сайн тэжээл болдог энэхүү олон наст ургамал нь ган гачигт тэсвэртэйн дээр хөрсийг гүнээс нь чийг тэжээлээр хангаж, эвдэрч, доройтсоныг нь “эмчилдэг” шидтэй гэнэ. Иймд царгасыг хүнд металлын бохирдол ихтэй газруудад тарьж, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлаа шийдэх боломжтойг тэрбээр хэлэв.
Судлаач “Газар голдоггүй түгээмэл ургадаг ийм ургамлыг бохирдлыг сааруулахад ашиглах хэрэгтэй. Бохирдол үүсгэсэн этгээдүүдээр тариулж болно. Улаанбаатар хотын зарим бүсэд хөрсний болон усны бохирдол хүлцэх хэмжээнээс давсан талаарх статистик мэдээллийг судлаачид дэлгээд, асуудал хөндөөд байдаг. Гэтэл хотын удирдлагуудын зүгээс хариу арга хэмжээ авдаггүй. Нийслэлийн иргэн бүр эрүүл орчинд амьдрах эрхээ эдэлмээр байна” гэлээ.
Н.МИШЭЭЛ