Азийн олимпын зөвлөл болон Олон улсын тэшүүрийн холбооноос зохион байгуулсан Азийн залуучуудын нэгдсэн сургалт, бэлтгэл сургуулилалтын цугларалтад Монголоос Н.Баасанжаргал, Б.Пүрэвбаатар, дасгалжуулагч А.Биндэръяа нар шалгаран хамрагдаж, эх орондоо ирлээ. Уг сургалт нь шорт трекийн спортын суурь техник, булчингийн ажиллагаа болон мөсөн дээрх гулгалтыг тамирчдад зааснаас гадна дасгалжуулагч нарт Ази тамирчдын бие физиологи, сэтгэлгээ, зан араншингийн онцлогт тохируулан заах арга барил, тамирчдад хэрхэн ойлгуулах талаарх зөвлөгөөг бэлтгэлийн үеэр өгсөн байна. Дасгалжуулагч болон тамирчид уг сургалтаар сурсан, мэдсэн зүйлээ найз, хамтран хичээллэгчдэдээ болон дасгалжуулагч нартаа заах юм.
Тэдний заах бэлтгэл сургуулилалтын хуваарийг Монголын тэшүүрийн холбоо товлоно. Азийн залуучуудын цугларалтын сургалтыг дасгалжуулагч Чүн Жэсү ахалжээ. Тэрбээр БНСУ, БНХАУ, Канад, АНУ, Унгар улсын шигшээ багийн дасгалжуулагчаар зургаан олимпын турш ажилласан. Түүний дасгалжуулсан багууд олимпоос 18 медаль авсны зургаа нь алт аж. Мөн сургалтыг удирдсан дасгалжуулагчдаас Жан Лина нь БНХАУ-ын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилладаг. 2010-2022 онд 10 гаруй жилийн турш Унгарын шигшээ багийг удирдан олимп, ДАШТ-д оролцуулсан туршлагатай. Түүний дасгалжуулсан багууд таван олимп, 150 гаруй дэлхийн аварга, цомын тэмцээнээс медаль гарджээ. Тэгвэл нэгдсэн цугларалтын сургалтыг удирдан явуулсан туслах дасгалжуулагч Арифф Расидан Кувейт улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж буй. Тэрбээр шорт трекийн тамирчнаас дасгалжуулагч болсон юм.