Пржевальскийн адуу буюу тахины тухай шинжлэх ухаанд анх дуулгасан хүн гэдгээр Оросын алдарт газарзүйч Николай Пржевальскийг бид бага сагахан мэддэг. 140-өөд жилийн тэртээ Хиагт, Өргөөгөөр дайран Ордос, Алшаа, Хөх нуур, Төвдийн умарт дахь элсэн цөл, сүрлэг өндөр уулсыг судалж, тэндээс хэдэн зуун зүйлийн хөхтөн, жигүүртний чихмэл, өвс, ургамлын хатаамлыг аваачсанаар Их Британийн Хатан хааны Газар зүйн нийгэмлэгээс “Дэлхийн хамгийн гарамгай аялагч” өргөмжлөл хүртсэн Оросын армийн хошууч генерал Пржевальскийн аян замын тэмдэглэлүүдээс нь зөвхөн ишлэл төдий зүйлүүдийг л уншсан бид одоо түүний аяллын тухай номыг эх хэлээрээ унших боломжтой боллоо.
Адармаатай бөгөөд адал явдлаар дүүрэн, онц сонирхолтой “Монгол, тангад нутгаар” номыг орчуулагч Ж.Нэргүй орчуулжээ. Нэгэн цагт Бээжинг хөл дороо эгээтэй л сөхрүүлээгүй дунхаануудын бослого, тэд яагаад Өргөө рүү зүглэж зүрхлээгүй ба хятад цэргүүд гэж ямар олхиогүй хүмүүс байсан тухай хийгээд VIII Богдыг залан авчрах үед ямар хүндрэлүүд тохиолдож байсан болон духан дээрээ ганц эвэртэй оронго гөрөөс гэж юу болох, цулхир, далийн ягаан хийгээд гишүүнэ гэдэг гайхамшигтай ургамлууд, эрхэмсэг монголчууд, ичих нүүргүй хятадууд, итгэлгүй тангад, далдаа үндэстнүүдийн тухай энэхүү номд онц сонирхолтой өгүүлжээ.
Түүнчлэн Чингис хаан, Майдар бурхан, Жанжаа хутагт, их Цагаан хэрэмийн домог хуучтай учирч, шавхагдашгүй тэвчээртэй монгол тэмээний талаарх нулимс унагам хүүрнэлийг нь олж үзэх болно. Дэлхийд алдартай энэ номын талаар орчуулагч нь “Бараг л Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”, Рерихийн “Азийн зүрх”- тэй зиндаа ижил эд дээ” гэсэн юм. Аялал жуулчлалын ДМД компани ивээн тэтгэж, уншигчдын гарт очиж буй эл номын орчуулагч нь өнгөрсөн оны “Гранд хүн”-ээр тодорсон билээ.