Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын XI бага хурал Катарын Доха хотод энэ сарын 15-19-нд боллоо. Үүнд СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ оролцжээ. Мөн манай улс уг хурлын үеэр Албани, Гана, Норвег улстай хамтран Улс төрийн нам, нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай тогтоол санаачилснаа батлуулав. Тогтоолын төслийг НҮБ-ын гишүүн бусад 192 орон дэмжсэн юм. Ингэснээр дээрх конвенцын суурь зарчим болох “Иргэд улс төр, сонгуулийн үйл явцыг хэн, хэрхэн санхүүжүүлж байгааг мэдэх эрхтэй” хэмээх заалтыг олон улсын түвшинд бататгасан байна.
Улс төрийн нам, нэр дэвшигч, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг ил тод болгох нь дэлхий нийтийн хувьд авлигатай тэмцэх хамгийн чухал алхам гэж үзэж буй. Манай манай улс энэ чиглэлээр бүс нутагтаа тэргүүлэгч болох зорилт тавьжээ. Үүний хүрээнд улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах цахим систем боловсруулах ажлыг НҮБ-ын санхүүжилтээр хийж эхэлсэн байна. Түүнчлэн СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ “Транспэрэнси интернэшнл Монгол” ТББын удирдлагатай уулзаж, улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийн ил тод байдлыг Авлигын төсөөллийн индексийн нэг шалгуур үзүүлэлт болгох талаар санал солилцож, хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар болжээ.