УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд Асуулгын цагийг зохион байгуулав. Дөрөв дэх удаагийн эл цагаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Л.Мөнхбаясгалан, Дав.Цогтбаатар, Ж.Баясгалан, Д.Ганмаа нар Ерөнхий сайдаас авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийж буй тэмцлийн үр дүн, эдийн засгийн нөхцөл байдал, татварын шинэчлэл зэрэг сэдэв, агуулгын хүрээнд асуулт асууж, хариулт авсан юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар үүний хариуд эдийн засгийн гол үзүүлэлтүүд болон статистик тоо, баримтыг дурдсан. Тэрбээр “Эдийн засгийн өсөлт өдгөө хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6.5 хувь болж өсөх дүнтэй байна. Долларын ханш 3600гаас 3550 төгрөг болж буурсан. 15 хувьд хүрсэн инфляц доошилсоор 8.2 хувь боллоо. Олон улсад нэр хүндтэй “Moody’s”, S&P агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B2 тогтвортой ангиллаас B1 рүү шилжүүллээ. Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа. Мөн авлига, албан тушаалын 58 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хоёр их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, лицензийг битүүмжлэн, шалгах ажиллагаа явуулж байна” гэв.
М.Гэгээ