Эх орондоо төрийн байгууллага, тэр дундаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг залилан мэхэлсэн хэрэг үйлдэн оргон зугтсан ОХУ-ын иргэн Ц.Ц-ыг манай хууль сахиулагчид илрүүлэн албадан гаргалаа. Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (Интерпол)-ын “Улаан булант” хэсэгт түүнийг эрэн сурвалжилж байсан бөгөөд манай улсад хоёр жилийн өмнө орж ирэн амьдарч байжээ. Тэрбээр ипотекийн зээл гаргах нэрийдлээр улсынхаа тэтгэвэр, нийгмийн даатгалын сангаас 84 сая рубль мэхэлсэн гэх хэрэгт холбогдсон гэнэ. Гадаадын иргэн, харьяатын газрынхан хяналт шалгалтаараа түүнийг илрүүлэн саатуулж, ЭЦА-ны Эрэн сурвалжлах хэлтэс, ЦЕГын Интерполын үндэсний товчооны алба хаагчидтай хамтран өчигдөр Алтанбулаг боомтод хүргэж, ОХУ-ын хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгчээ.