2010 оны БАЛДОРЖ шагналд Д.Жаргалмаа “Ж.Бямбадорж: Хорвоогийн олон сайхан үнэр дотор миний ээжийнх шиг нь таарч байсангүй” бүтээлээрээ “Шилдэг-10”-т шалгарсан юм.
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүү дээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түү хэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түү хэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. “Ханьдаа шүлэг зориулах багадна. Бүх амьдралаа зориулна шүү дээ” хөрөг, “Хорвоогийн олон сайхан үнэр дотор миний ээжийнх шиг сайхан нь таарч байсангүй” ярилцлагаараа “Хүмүүсийн амьдрал” сонины сэтгүүлч Дагвадоржийн Жаргалмаа 2010 оны БАЛДОРЖ шагналын шилдэг аравт багтсан юм.
“Хүмүүсийн амьдрал” сонины “Миний амьдрал” нүүрийн хүндэт зочноор Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж гуайг урьж ярилцсан билээ. Харин тэрбээр ганц өөрийн амьдралын тухай ярилцсанаас удахгүй болох гэж байгаа Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтаад олон мянган эхчүүдэд зориулж эцэг, эхийн агуу хайрын тухай, ээжийгээ хайрлах сэтгэлийн тухай ярилцъя гэсэн юм. Түүний энэ яриа амьдралд нэмэр болох ухаарлыг залууст нэмнэ гэж итгэж байна.
БИ СУРГУУЛЬД ОРТЛОО ЭЭЖИЙНХЭЭ НЭГ ХӨХИЙГ “ӨМЧИЛСӨН” ХҮН ДЭЭ
-Та айлын ууган хүү учраас эцэг эхдээ эрхэлж, хайранд бялуурч амждаг байв уу?
-Хөдөөний малчин айлын ууган хүү учраас эцэг, эхдээ эрхлэх, хар, бор ажилд нухлуулах хоёрыг хослуулж өссөн дөө. Айлын ууган байх чинь аав, ээжийнхээ анхны үр учраас эрх, ах нь учраас дүү нараа үлгэрлэх, монголчуудын хэлдгээр тусад эрт орох, аавын үгүйд аав, ээжийн үгүйд ээж болох, дүү нараа хоолонд хүргэх гэх мэт асар их онцлогтой “албан тушаал” юм билээ. Эцэг, эхийнхээ гар дээр өсөж торнисон хүүхэд ахуйн минь амьдрал ихээхэн дурсгалтай, баяр баясгалантай, дэврүүн сайхан үе байж дээ.
Би чинь 1953 оны хүүхэд шүү дээ. Миний багад ариун цэвэр шалгадаг “Соёлын довтолгоо” гэдэг нэртэй хүмүүс хөдөөний айлаар явдаг байлаа. Тэр үеийн хөдөөний айл одоогийнхоос огт өөр. Айл бүр олон хүүхэдтэй, “Соёлын довтолгоон”- ынхон нүүр гарын болон аяганы алчуур бохир, хүүхдүүд нь заваандуу байвал торгодог загнадаг, хурал дээр шүүмжилж, ичээж зовоодог байсан юм. Юм ховор байсан уу, эсхүл амьдрал жаахан тарчиг байсан уу, хүүхдүүд бид чинь зуны цагт барагтай гутал олдохгүй болохоор хөл нүцгэн, өмд цоорхой, хөл, гар сайртай, хүзүү нь халтар юмнууд л байдаг байв. “Соёлын довтолгоо” ирлээ, та нар жалга руу, мод руугаа гүйгээрэй” гэх томчуудын дуунаар хүүхдүүд гэрээс далдхан газарт нуугдахаар гүйлддэг сэн.
Энийг нь далимдуулаад тааваараа өдөржингөө тоглож, аав, ээж дуудсан ч олдохгүй жаргадаг байсан санагддаг юм. Өглөөнөөс орой хүртэл амсхийх завгүй, борви бохисхийхгүй их ажилтай байсан учраас тэр байх л даа.
Бас намар болохоор багш нар сургуульд хүүхэд хөөдөг байлаа. Тэр жил аав, ээж минь намайг сургуульд оруулалгүй өнжөөх бодолтой байсан байх. Аав, ээжийнхээ үгэнд орж нуугдалгүй хөөлгийн багшид албаар “баригдаж” хотныхоо хүүхдүүдээс ганцаараа найман настай сургуульд орсон доо. Гуравтайгаасаа морь унаж, долоотойдоо таван настай дүүтэйгээ хамт өвлийн хүйтэнд өдөржин хонь хариулдаг байсан болохоор хөдөөний их ажлаас залхсан биз ээ.
-Хоёр, хоёр насны зөрүүтэй төрсөн гурван дүүтэй байжээ. Ээж, аавдаа тустай, ажилсаг хүүхэд байв уу?
-Аав минь Л.Жамсран гэж нутаг усандаа олонд хүндлэгдсэн, нөхөрсөг, нийтэч хүн байв. Жинд явна, түр цэрэгт татагдана, адуу малаа хайна, сум, багийн төвд хуралд сууна, ер нь л гэртээ ховорхон байна. Хонь хариулах хийгээд гэрийн ажил бүгд ээжид ногддог байсан. Ээжийг минь Чойжилжавын Цийрэгзэн гэдэг юм. Айлын том нь болохоороо энэ бүгдэд би хамгийн түрүүн тусална. Мал ид төллөх үеэр ээж минь бие давхар, нэлээд том гэдэстэй намайг дагуулаад хониндоо явдаг байсан гэдэг. Бэлчээрт хонь арав, хориороо төллөж, бид хоёр даавуун уутанд хургаа хийж үүрээд гэр өөдөө явна. Мэдээж, тэмээгүй явган явах өдөр ч таардаг учраас ээж минь тэр олон хургыг үүрэх гэж ядардаг байсан биз. Тэр үед би дөрвөн настай л байсан гэнэ лээ. Миний уутанд хоёр хурга хийчихээр би дааж ядаад алхаж чадахгүй болдог учраас ээж тамир сэлбэж мөөмөө хөхүүлдэг байж. Тэгэхээр хамрынх нь хөлс бурзайгаад л дажгүй хол явдаг байсан гэж хожим ээж минь хуучилдаг сан. Ээж сүү ихтэй болохоор дүү нар барахгүй, нэг хөхийг нь сургуульд ортлоо би “өмчилсөн” дөө.
Зарим хүн “Эхийн сүү хүүхдийн тархи нялхруулдаг” гэж ярьдгийг дэмий үг гэж боддог юм. Эхийн сүү хүүхдэд их сайн юм байна даг.
-Том болтлоо мөөмөө идсэн хүүхэд элгэмсүү, зөөлөн зантай байдаг байж болох л юм.
-Тэгэлгүй яах вэ. Найман нас хүртлээ ээжийнхээ энгэрт тэврүүлж, хамгийн сайхан үнэрийг мэдэрч өссөн минь миний зан чанарт сайнаар нөлөөлсөн байж таарна. Би ер нь юмны үнэрийг сайн ялгадаг золигийн хүн байгаа юм. Энэ хорвоогийн олон сайхан үнэр дотор миний ээжийнх шиг нь одоо хэр таарч байсангүй.
Томоо хархүү болчихсон хойноо ч ээж минь надад оёсон дээлээ өмсүүлж, товчлох зуурт нь ээжийнхээ сайхан үнэр, эхийн бүлээн хайрыг жинхэнээр нь мэдэрдэг байлаа шүү дээ.
ЭХ РҮҮГЭЭ МУУХАЙ ХАРЖ ӨСӨӨГҮЙ БОЛ ХЭЗЭЭ Ч ХҮН ЗОДДОГГҮЙ ЮМ
-Ээжийнхээ сургаж хэлдэг байсан үгээс, таныг хүмүүжүүлдэг аргаас нь дурсахгүй юу?
-Хөдөөний хүүхдэд өлсөж, цангах үе олон гарна аа. Ухасхийгээд дэлгүүрээс талх авчихаж болохгүй болохоор боорцог хийнэ дээ. Гурил дуусаад боорцгоо хийгээгүй байвал гарцаагүй өлсөж, тэр үед хамгийн түрүүнд ээждээ уурладаг байлаа. Ээж минь “Миний хүү, ээж рүүгээ муухай харсан хүнийг эрлэгт очиход Эрлэг номун хаан зовхийг нь хоёр үзүүртэй юмаар тэвхэддэг юм гэнэ лээ шүү” гэдэг байлаа. Хожим бодож суухад ээж рүүгээ муухай харж өсөөгүй хүн хэзээ ч хүн зоддоггүй. Хүнд зодуулсан ч эргээд орыг нь авна гэж бодож мэддэггүй юм билээ.
Энэ мэтээр ээжийн зааж сургаж байсан бүхэн өнөөдрийн бидний амьдралыг залж чиглүүлдэг байх юм даа. Яаж ингэж хүнийг хүмүүжүүлж чаддаг байна аа гэж гайхах үе ч надад гарч л байна. Би өвөө болчихсон хэрнээ хүүхэд залуусын хүмүүжилд нөлөөлөх аргаа олохгүй л явна шүү дээ. Бид бэлэн байгаа ном, сэтгүүлээс уншаад ч учраа олохгүй л байх юм. Ардын ухаан гэж.
-Таны аав, ээж хэр мэдлэг боловсролтой хүмүүс байсан бэ?
-Би чамд нэг сонин юм үзүүлье. Монгол Улсын тусгаар тогтнолыг бататгах тухай анх удаа, 1945 оны аравдугаар сарын 20-ны ард нийтийн санал асуулгад аав минь 18 настайдаа оролцсон баримт байгаа юм. Улсын төв архивынхан надад олж өгсөн. Үүн дээр Ховд аймгийн Хайрхан сумын наймдугаар баг. Адуу мал хайж яваа Лувсангийн Жамсран гээд хурууныхаа хээг дарсан байгаа юм. Энэ бол манай аавын хурууны хээ. Хэзээ ч дахиад олдохгүй нандин эд дээ. (Хуучин монгол бичгээр бичиж хурууны хээ дарсан хуудас цаас байлаа)
Аав минь цэрэгт явахаасаа өмнө ийм байж. Харин цэргээс ирэхдээ хуучин, шинэ бичиг сурчихсан, Монголын түүх, больщевик намын түүхийг цээжээрээ сайн мэддэг болсон байсан гэдэг. Тэр үедээ аав минь хэлж ярьсан үгс надад жирийн биш, гайхамшигтай сургаал байсан нь одоо мэдэгддэг. Тэр дундаас “Олонтой яв, хүний төлөө яв” гэдэг үгийг нь би өнөөдөр ч бодож, дагаж явдаг.
Бид айлын том ах нарт зодуулчхаад аавдаа хэлж зүрхэлдэггүй байлаа шүү дээ. “Хов зөөлөө” гээд нэмж жавтий хүртдэг байсан учраас. Бас хээрээс юм оллоо гээд аваад очвол “Аа, чамайг ав гээд л айл юмаа орхиж уу” гээд загнадаг сан.
Ямар сайндаа л, нүүдлийн замаас жижиг ууттай цагаан будаа дүү бид хоёр олчихоод орхиод явах вэ дээ. Цагаан будаа чинь олддоггүй ховор нандин эд байлаа. Халуурах юм сан, тэгвэл цагаан будаа идэх сэн гэж мөрөөддөг үе байхад шүү дээ. Халуурсан хүүхдэд хярамтай цагаан будааг бурхны хоол гээд л өгөөд зүгээр болгочихдог байв.
-Хүүхэд аав, ээжийгээ яг дуурайдаг, амьдралаа тэр л замаар авч явдаг гэдэг үнэн биз?
-Аав нь ээжийг нь зодох гээд гэр тойруулж хөөгөөд, тэр дунд аавыгаа үзэн ядаад, айж өссөн хүүхэд өөрөө том болоод эхнэрээ зоддог болчихдог жишээ олон бий шүү. Аав минь “Хамгийн муу эр л эхнэртээ бяраа гаргадаг юм” гэдэг байж билээ. Аав өөрөө 20 дөнгөж гарч явахдаа ээжийг нэг удаа зодоод уурын мунхгаар нэлээд хэцүү байдалд орсон юм гэсэн. Намайг ой гарантай дөнгөж зогсдог болоод байх үед ээж халуун ширмэн тогоон дээр тариа хуураад, аав түүнийг нь цогнож байж л дээ. Тэр их гал, тэр их завгүй ажлын үеэр би орилоод л, ээжийн хормойноос зуурч босоод гал руу унахын даваан дээр хормойгоо хойш нь цохиод намайг арагш нь унагасан юм байж. Нэг дуу тэнгэрт, нэг дуу газарт хадтал орилж, аав минь “Хүүхэд алах шахлаа” гээд тариа цогнож байсан нүдүүрээ ээж рүү шидээд шанааг нь шүргээд авчихаж.
Ээж минь аавд гомдоод төрхөм рүүгээ буцчихаад, би долоо хоног айлын ээжийн мөөмийг хөхөж, хоёр эр хүн их л зутарсан гэдэг. Аав ч ээжийг гуйж байж гэртээ авч ирж. Тэр нь аавын эхнэрээ зодсон эхний болоод эцсийн алдаа нь юм гэнэ лээ. Миний эрэгтэй дүү нар дотор эхнэртээ гар хүрсэн тохиолдол одоо болтол гараагүй.
-Ааваас илүү ээжүүд хүүхдүүддээ ойр байдаг юм шиг.
-Бидний багад эхийн хайр, эхийн цагаан сүү, өдөр тутмын харилцаа, үг яриагаар нь дамжин үрдээ шингэдэг байсан шиг санагддаг. Ганцхан монголчуудад л үхтэл үр, үгүйртэл мал гэсэн агуу зарчим үйлчилдэг байх.
Алаг үр минь, амь биеийн тасархай минь, муу аав минь, муу ээж минь гэсэн сэтгэлд шингэсэн, уярам хайрын сайхан үгсээр, үйл хөдлөлөөр энэ нь илэрхийлэгддэг юм билээ.
Харин бид хүүхдээ төрүүлээд 45 хоноод л ясли, цэцэрлэг, асрагч, тэгээд сургуулиар явуулдаг болчихсон. Тэгэхээр эхийн цагаан сүү, өдөр тутмын хайр шингэсэн сургаалаар тэжээгдэж өсдөг, эхдээ ойрхон бойждог байдал хоног хоногоор хомсдож байна даа. Барууны өндөр хөгжилтэй орнуудад эх нь хүүхэдтэйгээ сургуульд ортол хамт, бага ангид нь ч дэргэд нь байдаг юм билээ лээ ш дээ. Одоо гэр бүлийн харилцаанд, үр хүүхэдтэй харилцах харилцаанд гараад байгаа өөрчлөлтүүд лав сайн юм биш ээ.
-Үр хүүхдээсээ өсгөж төрүүлсний ач тус гэж нэхдэг байдал утгагүй юм шиг санагддаг.
-Үүний чинь цаана их гүн гүнзгий философи байгаа юм. 90 гарсан өвгөн “За, яах вэ, би ч одоо ингээд өнгөрөх нь. Гомдол алга аа. 90 хүртлээ хорвоогийн сайхан, муухайг их ч үзлээ. Ганцхан л юманд зовох юм даа. Намайг үхэхээр энэ муу нялх амьтан яана даа” гэж их л шаналсан царайтай байна гэнэ. Гэтэл тэр нялх амьтан нь 70 хүрсэн настай өвгөн байх жишээтэй. Энэ чинь л монгол хүний ертөнц байхгүй юу. Үүнийг бид их хүндэтгэж, ойлгож, үнэ цэнийг нь мэдрэх хэрэгтэй юм.
Монгол аав, ээж шиг өр нэхдэггүй, хамгийн өр нимгэн, өмнөөс нь үхэхэд хүртэл бэлэн байдаг аав, ээж энэ хорвоод байхгүй шүү. Харамсалтай нь, хэчнээн сайн хүүхэд байсан ч аав, ээжийгээ амьдад нь ачийг нь хариулж чаддаггүй юм гэдэг.
ААВ ЭЭЖИЙГЭЭ ХАМГИЙН ИХ БАЯРЛУУЛЪЯ ГЭВЭЛ ДЭРГЭД НЬ Л БАЙХ НЬ ЗӨВ ЮМ БИЛЭЭ
-Аав, ээжүүд үр хүүхдийнхээ юунд нь хамгийн их баярладаг юм бол оо?
-Гавьяа шагналаар баярлуулж чаддаггүй. Зөвхөн дэргэд нь байж, миний хүү гэж дуудуулж байвал хамгийн их баярладаг юм гэнэ лээ шүү дээ.
Пунцагийн Бадарч гуайн “
...Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү, амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож гэнэ миний хүү, арааживаар дуулж байна лээ
Сайн явна гэнэ миний хүү, аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ миний муу хүү, амны зугаа болгон ярьж байна
Аль нь ч надад ялгаагүй
Амьд яваа чинь л ижийдээ алдар чинь юм шүү дээ
Ээж нь хүүгээ их санах юмаа
Араг савар хоёроо зөрүүлэн байж
Аргал чулуу хоёрыг андууран түүж санах юм аа
Миний хүү алга аа
Тэмээ тэмээ цагаан үүлсийг тэндээ царцтал харлаа
Тэнгэрийн тэр ягаан хаяаг цав суутал ширтлээ
Миний хүү ижийдээ ирсэнгүй ээ
Хүний хүү эжийдээ ирж гэнэ, гол усаар л нэг найр наадам болж байна
Миний муу хүү шоронд орж гэнэ, голыг минь гогдон хэлж байна
Аа яадаг юм шоронд ороо л биз, гадагшаа би хүүгээ өмөөрлөө
Ам нь цангаж байгаа байх даа миний хүү, дотогшоо нэг өмөлзлөө ...
Хөхөөрөө чамайг даллая
Үхэхээрээ би чамайг айлгая, ижийдээ ир дээ миний хүү”
гэсэн нэг сайхан шүлгийн мөрүүд эх үрийн харилцааны нандин холбоог нүдэнд харагдтал дүрсэлсэн байдаг юм. Хүүхдээ алдаа хийхэд уурлаж зэмлэж, бүр жолоодлогогүй юм шиг болтлоо бухимдаж байгаа ч түүний цаана агуу их хайр нь нуугдаж л байдаг. Яав даа миний хүү гэсэн гомдлоо гаргаж, бас болох болохгүйг ойлгуулах гэж л наанаа уурладаг.
Би аав, ээж нь амьд сэрүүн байгаа хүмүүст ойрхон байдаг бол тэдэндээ өдөр бүр очиж бай, өөр аймаг суманд байдаг бол сардаа нэг очиж бай, өөр улс оронд байдаг бол жилдээ нэг очиж бай, Ховд, Увсад байдаг юм бол гурван сардаа нэг удаа очиж бай. Аав, ээж гэж хүн насан туршдаа хэлж болдог. Харин ээж ээ, аав аа гэж дуудах чинь нэг л өдөр дуусдаг юм билээ Тийм учраас аав аа, ээж ээ гэж дуудаж, миний хүү гэж дуудуулан хажууд нь аль болох удаан байвал өөртөө болоод эцэг, эхдээ өгч байгаа хамгийн том таашаал юм билээ шүү гэж хэлэх дуртай.
-Таны аав, ээж хэр урт насалсан бэ?
-Миний аав, ээж их харамсалтайгаар нас барсан. 1989 оноос аав минь нарийнтаж өвдсөн. Аавыг жил тойрон сахиж, асарч тойлсон учраас ээж минь ядарч сульдсан. Гэтэл сумын эмнэлэгт буруу тариа хийчихсэн. Хөөрхий ээж минь хэдэн цаг зовж байгаад нас барсан даа. Үүнээс гурван сарын дараа аав минь нас барсан. Тэр үед миний аав 63-тай, ээж 58-тай байлаа. Ингээд нэг жил аав, ээжийгээ алдаж, хамгийн бага дүү минь аравтай, би 37-той үлдсэн. Тэр жилийн Цагаан сараар хэдэн дүү нарыгаа золгох гээд ороод ирэхэд би хамгийн их гуниглан харамсаж, жолоодлогоо алдан уйлж билээ. Аав, ээжийгээ нас барахад уйлж байснаасаа ч илүү ихээр уйлж, их юм ухаарч ойлгосон доо. Хүн чинь сайн, сайхан яваагаа аав, ээждээ мэдрүүлэхийг хамгийн их хүсдэг юм билээ.
-Амьдралын хэцүү бэрх болоод сайн сайхан ямар ч үед хүн юуг эрхэмлэж явбал зөв байх вэ?
-Ямар ч үед эцэг, эхийнхээ хайрыг, бас хүний мөсөө гээхгүй байхыг би хичээдэг. Бас удам судраа, үүх түүхээ, хэний хүү, хэний охин гэдгээ мэдэж, удмынхаа нэр төрийг өндөрт өргөхийн төлөө явдаг байх хэрэгтэй юм. Хэн хүн алдаж, уруу дорой явбал удмын нь нэр гутна гэж эцэг өвгөд минь ясандаа шингэсэн үзэлтэй байсан. Тэр үзэл одоо сэргэвэл муу муухай явах хүн байхгүй болно л доо. Даанч одоо худлаа хүн чанартай болж харагдах гэдэг жүжигчин хүмүүс ч олширч. Би таньдаг мэддэг, үнэлдэг, ярилцдаг, тоглож нааддаг, санал бодлоо солилцдог хүмүүстээ ямар ч үед хүн хэвээрээ хандаж байх ёстой гэж боддог. Ээж, аав минь ч надад энэ зан чанарыг өвлүүлж үлдээсэн юм.