УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх, эсэхийг шийдлээ. Уг төслийг санаачилсан гишүүн Н.Учрал төслөө танилцуулав. “Иргэнээ хүнд суртлаас чөлөөлье” уриан дор эл төслийг боловсруулж, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад учирдаг хүнд суртлыг бууруулах зохицуулалт оруулсан аж. Тухайлбал, хүнсний зах, дэлгүүр, ресторан, үсчин, гоо сайхан, цайны газар, кофе шоп, цанын бааз, бялдаржуулах төв зэрэг 30 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлэхэд заавал төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй, энэ тухайгаа мэдэгдсэн даруйд ажлаа эхэлж болно гэжээ. Мөн тусгай зөвшөөрөл авч байж эрхэлдэг байсан 32 үйлчилгээг энгийн ангилалд шилжүүлсэн байна. Төрийн байгууллагад энгийн зөвшөөрөл авахаар хандсан ч хуулийн хугацаанд хариу өгөөгүй бол 30 хоногийн дараачаас шууд ажиллаж болох нь. Түүнчлэн тусгай зөвшөөрлийн хугацаа тав байсныг арав, энгийнх нь гурван жил байсныг тав болгон сунгахаар төсөлд тусгажээ. Ингэснээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн бизнесийн тогтвортой байдлыг хангаж, зөвшөөрөл сунгахтай холбоотой дарамтыг багасгана гэж тооцсон байна.
Үүнээс гадна зөвшөөрөл сунгах үйл явцыг ч хялбаршуулжээ. Нөхцөл шаардлага зөрчөөгүй гэсэн хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан бол ажлын хоёр өдөрт шууд сунгах аж. Энгийн 120 зөвшөөрөл олгох, 30 мэдэгдэл бүртгэх эрхийг салбарын мэргэжлийн холбоогоор гүйцэтгүүлж, төрийн чиг үүргийг шилжүүлэх юм байна. Зөвшөөрөл авдаггүй ч үүнтэй дүйх бичиг баримт шаарддаг аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд ажиллах гэрэл зургийн үйлчилгээ, биллиард, машин угаалга, гутал засвар, нүдний шил захиалга зэрэг үйлчилгээг хэн нэгнээс асуулгүй эхлүүлж болох гэнэ. Мөн зарим салбарт нэг төрлийн үйл ажиллагаа эрхлэхийн тулд гурван тусгай зөвшөөрөл шаарддаг, үүнийг авах гэж 3-4 жил хүлээдэг байдлыг зогсооно гэлээ. Ийм тохиолдолд нэг л тусгай зөвшөөрөл байхад болох нь. Уг төслийг хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.