1930-аад оны Их хямралын жилүүдэд Америк тун ч хүнд байдалд орчихоод байлаа. Эдийн засаг нь шалдаа буун, ард түмний итгэл, сэтгэл гундаж, үнэндээ цааш удаан тэсвэрлэх эцэсгүй нөхцөл байдал үүсчихээд байхад буюу 1933 оны гуравдугаар сарын 9-нд Ф.Рузвельт Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Энэ нь өнөөгийн хүчирхэг АНУын эхлэл байв. Тэрбээр маш ухаалаг хөтөлбөр боловсруулан сөнөж, сүйрч байсан Нэгдсэн улсын эдийн засаг, ялзарч доройтсон нийгмийг ердөө гуравхан сарын дотор ид шидийн мэтээр өөрчлөн, өндийлгөн босгож чадав. 1933 оны зургадугаар сарын 16-ны өдөр Ф.Рузвельт бүх америкчуудад хандан Ерөнхийлөгчөөр сонгогдон ажлаа эхэлснээс хойших гурван сарын дотор юу хийж, амжуулж, цаашдаа юуг хийх гэж байгаагаа тайлагнасан юм. Ердөө гуравхан сарын дотор цоо шинэ Америкийн суурийг тэрбээр тавьж, ард түмний бөхөж байсан итгэл, найдварын галыг эргүүлэн асааж чад сан. Ийм богино хугацаанд эдийн засаг, нийгмийн төдийгүй зан моралийн эерэг тэсрэлтийг хийж чадна гэдэг гайхамшигтай.
Чухам үүнээс хойш дараа дараачийн Ерөнхийлөгч нар нь Ф.Рузвельтийн жишгээр ажлаа хүлээж аваад гурван сар болмогцоо ард түмэндээ тайлангаа тавьдаг уламжлалтай болсон нь бусад улс орнуудад дэлгэрчээ. Үүний жишгээр С.Батболд Засгийн газрыг тэргүүлээд 100 хоног болсныхоо тайланг уржигдар Гадаад харилцааны яаман дээр хийлээ. Харамсалтай нь Ерөнхий сайд С.Батболд бус С.Баярын тэргүүлж байсан танхим тайлангаа дахин тавьж байна уу гэхээр үйл явдал болсон. Яг үнэндээ С.Батболд өөрөө өөрийнхөө юу хийж, юуг хийх гэж буйгаа ард түмэндээ тайлагнах учиртай байлаа. Сэтгүүлч бидний хувьд С.Баярын тэр л танхимын сайд нараас бус, С.Батболд гэх шинэ Ерөнхий сайдын хийсэн, бүтээсэн хийж бүтээх гэж байгаа ирээдүйн төсөл, төлөвлөгөөг нь сонирхож түүнээс асууж, тодруулах лавлах зүйл олон байсан даа.
“100 хоног”-т юу хийснээ, яах ёстойгоо улс орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар өөрсдөө тайлагнадаг болохоос бус С.Батболд шиг сайд нараараа додомдуулаад өнгөрсөн явдлыг би л хувьдаа олж үзээгүй, сонсоогүй явна. Тайлангаа ч тавих завгүй, амин чухал ямар ажил гараад Ерөнхий сайд маань алга болоод өгсөн байв аа! Манай шинэ сайд гэтэл МҮОНРТ-д ярилцлага өгөөд хээв нэг сууж байдаг байгаа, тэр үед.
Анхаарч сонирхвоос 70 мянган төгрөг тарааж байгаа тухайгаа голлоод баахан ярьж байна. Үнэндээ ач холбогдолтой гэх яриа гарсангүй гэхэд хилсдэхгүй. Тэр тусмаа “Зөвхөн С.Батболдын 100 хоног” гэж тодотгож болох ажлын тайлангаа таслаад ийн телевизээр гарах нь Ерөнхий сайдад нэг л зохисонгүй ээ.
Ер нь нэлээдгүй популист сайдтай болсон юм биш үү гэх бодол төрлөө. 100 хоногт юу хийж байснаа Ерөнхий сайд маань өдөр бүрээр нь дэлгэрэнгүй бичиж. Эндээс харахын бол С.Батболд сайд маань нөр шаргуу хөдөлмөрлөж байгаа бололтой. Бүр хэзээ гэртээ харьж, унтаж байсан юм бол оо гэж бодогдохоор. Бараг л бие засаж, хоол идэх ч цаг завгүй 100 хоножээ гэж ойлгогдлоо. Мөн ч мундаг биетэй хүн ээ дээ.
“Бид хамтдаа чадна” гэсэн уриа дэвшүүлээд гарсан таны завгүй энэ 100 хоногт танхимынхан тань тэгээд юу хийж байсан юм бол оо. Эсвэл Та юу ч хийгээгүй юм уу.
Эрдэс баялаг, эрүүл мэнд, уул уурхай, эрчим хүч, сургууль боловсрол гээд Таны ороогүй салбар, уулзаагүй хүн гэж бараг байхгүй шахам яваад байгааг уг нь телевизээр харж сониноос уншиж байсан л даа. Гэвч ингэж ажиллах аваас сайд дарга нарт тань хийх ажил байхгүй байхаас аргагүй юм байна гээд олон хүн ярьж байх юм. Ерөнхий сайд нь Засгийн газрынхаа хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлоод, төлөвлөөд, шийдвэрээ гаргаад, салбарын сайдууд нь яг тань шиг эмнэлэг, сургууль, уурын зуух, үхрийн ферм, уурхай болгоноор ороод гэртээ хонож, хоол идэж, нойльд орж, унтаж амрах завгүй гүйдэг байсан бол хачин зохимжтой байх байжээ. Гэтэл сайдууд тань суудалдаа шигдэн, салбарынх нь ажил өөдлөхөө байгаад байгаа хэрнээ, таныг болохоор тайлангаа ч ирээд тавьчих зав өгөхгүйгээр ийнхүү гүрийлгэж байгааг ойлгосонгүй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гэж хэн бэ гэдгээ хамгийн сайн таниулах, бидэнтэй хамтран хамтдаа бүгдийг чадаж, Монгол Улсаа хөгжлийн гараанд үнэхээр гаргаж чадах уу, үгүй юү гэдгийг л мэдрүүлэх ёстой 100 хоногийн тайландаа харин ирсэнгүй ээ! Бүх юм бахь байдгаараа бүрхэг үлдлээ. Гэвч Ф.Рузвельт шиг ард түмэндээ итгэлийн галыг өрдөөж, хөгжлийн дөрөөнд гишгүүлж, үхэр тэрэгний хурдаар лалагнуулж байгаа Монгол Улсынхаа хөгжлийн хурдыг машин онгоцных мэт болгох болтугай гэж ерөөе, Ерөнхий сайд даа!