Хаврын урь орсон энэ өдрүүдэд хүйтний эрч буурахгүй, зарим нутгаар хэд хоног дараалан цас орж, явган шуурга шуурсаар байна. Өнгөрсөн шөнө гэхэд Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Булган, Өвөрхангай, Сэлэнгийн зүүн хэсэг болон нийслэлийн орчмоор цас оржээ. Мөн Увс, Завханы нутаг, Баян-Өлгийн зүүн, Ховд, Архангай, Төв аймгийн өмнөд, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 11-41 см, бусад нутгаар 1-10см зузаан цасан бүрхүүлтэй байгаагаас хамгийн зузаан нь Ховдын Үенчид 41 см зузаан цастай байна. Говийн аймгуудын нутаг Өвөрхангай, Төв аймгийн өмнөд хэсгээр, Баян-Өлгийн зарим нутгаар 12-14 м/с, зарим үед 16-18м/с, Баян-Өлгийн Өлгий, Дундговийн Адаацагт салхи түр зуур 24м/с хүртэл ширүүсч, цасан шуурга шуурчээ. Тэгвэл өнөөдрөөс энэ сарын 8-ныг хүртэл Хөвсгөл, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн зарим нутгаар цасан болон шороон шуурга шуурч, салхи зарим үед 22-26 м/сек хүртэл ширүүсч, гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас нийт ард иргэдэд сэрэмжлүүллээ.
Б.Эма