Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцийн буудайн нөөц, чанарын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн саналд өгөх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн хариуг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган Ерөнхийлөгчид хүргүүлж танилцуулахаар тогтов. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцөд буудай хүлээн авах, хадгалах, сэлгэх, шинэчлэх, худалдан борлуулах, технологийн болон мэргэжлийн хяналт тавихдаа Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн албан бичигт дурдсан саналыг байнга анхаарч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт үүрэг болгов. Төрөөс тариаланч, малчдыг дэмжих бодлого боловсруулах, хэрэгжүүлэхдээ ил тод байдлыг хангах, дэлхийн жишиг болон үндэсний онцлогыг харгалзан үзэж байх, нөөцийн буудайг худалдан авах, борлуулах ажлыг зохион байгуулахдаа хөндлөнгийн оролцоо, хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд үүрэг болголоо.