Баян-Өлгий аймагт казах хүүхдийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиг үүрэг бүхий боловсролын секторыг Боловсролын хүрээлэнгийн бүтцэд байгуулахаар болов.
Казах хэл дээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хянаж, казах болон монгол хэл судлах цагийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох замаар сургалтын чанарыг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгав.
Казах хэлээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөнд бага ангид монгол хэлнээс бусад хичээлийг казах хэлээр, дунд ангид нь монгол хэлийг түлхүү судлах, ахлах ангид казах хэлээс бусад хичээлийг монгол хэлээр явуулахаар тогтлоо. Ингэснээр казах хүүхдийн хэлний ялгаатай байдал арилах боломж бүрдэх юм.
Мөн казах иргэдийн төрийн албан ёсны хэлний мэдлэгийг дээшлүүлэх, боловсролын байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Хавалд үүрэг болгов.