“10 орчим жилийн өмнө VII хороолол гээд сүртэй зураг төслүүд гаргаж билээ. Гэтэл одоо байгаа царайг нь хар. Зургийнхаа дагуу хийсэн нэг ч амбаар байхгүй. Ийм л улс орон шүү дээ” гэж нэгэн иргэн олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ. Энэ нь зөвхөн VII хорооллын бус, Улаанбаатар хот даяар нүүрлэсэн асуудал. Бодит жишээнүүд нь нийслэлээр дүүрэн бий. Өөрөөр хэлбэл, албаныхан ямар нэгэн ажил эхлэхийн өмнө өнгө, загварын төгс шийдэлтэй зураг төсөл олон нийтэд танилцуулна. Гэвч хэрэгжүүлж дууссаны дараах байдал нь зургаасаа тэнгэр, газар шиг ялгаатай болчихдог. Орон сууцын хороолол барих аж ахуйн нэгж “Сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнтэй” гэх мэтээр иргэдийг хуурдаг уламжлалтай. Төрийн байгууллагынхан нь“Төсвийн мөнгөөр ийм бүтээн байгуулалт хийнэ” гэж гоё зураг харуулдаг. Ерөөсөө төр, хувийн хэвшил гэж ялгалгүйгээр бүгд л иргэдээ залилдаг, худал хуурмагийн хот болжээ, Улаанбаатар. Үүний уршгаар бид ямар ч төлөвлөлтгүй, маш замбараагүй, бохир, “өвчилсөн” хотод амьдарч байна. Яармагийн нүхэн гарц гэж хоёр жил гаруй барьсан, “алдартай” бүтээн байгуулалт бий. Ажил эхлэх үед нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “22 хоногт багтаан барьж дуусгана” гэж амласан нь сонирхолтой. Харамсалтай нь, 37.5 метр урт, зургаан метр өргөн буюу тийм ч нүсэр бус нүхэн гарц барьж дуусгах гэж манай хотынхон метро байгуулах шахам хугацаа зарцуулсан юм. Гэвч амжилт олсонгүй. Харин ч зураг төслөөсөө асар их зөрүүтэй, маш болхи бүдүүлэг хонгил хийчихсэн. Тэр бүү хэл, барьж дуусаагүй байхаасаа л эл гарц усанд автаж, эвдэрч, элэгдээд эхэлсэн билээ. Гарц барих төсөв нь бас бодит байдлаасаа хэтэрхий ахадсан буюу хоёр тэрбум төгрөг. Үүнээс өмнө нийслэлд Сансар, МУБИС-ийн орчимд нүхэн гарц барихдаа нэг тэрбум орчим төгрөг зарцуулж, 3-4 сарын хугацаанд ашиглалтад оруулсан юм билээ. Гэтэл Яармагт барьсан нь зарцуулсан хугацаа, төсвийн хувьд түүхэнд байгаагүй “том” атлаа өмнөхүүдээсээ ч дор болчихсон. Дарга нарын амлалт, “зурсан” зураг нь бодит ажил хэрэг болдоггүйг илэрхийлэх сонгодог жишээ энэ. Дээрх ажлыг “Туулын гүүр далай” гэх компанийнхан хийсэн юм билээ. Захиалагч нь Хан-Уул дүүргийн ЗДТГ. Захиалагч болон гүйцэтгэгчдийн аль аль нь хариуцлагагүй хандаж, ажлыг удаашруулсан. Гэтэл аль нь ч хариуцлага хүлээгээгүй. Тэр ч байтугай ажилдаа хайнга хандсан “Туулын гүүр далай” компанийнхан өдгөө Яармагийн шинэ гүүрийг барихад оролцож байгаа. Тодруулбал, эл гүүрийг гурван компани хамтран барьж буйн нэг нь “Туулын гүүр далай” юм. Өнгөрсөн зургаадугаар сард л ашиглалтад оруулна гэж нийслэлийн удирдлагууд амлаж байсан уг гүүрний ажил бас л удааширч, одоо хүртэл дуусаагүй. Бас барьж буй гүүр нь өнгөрсөн зун орсон борооноор усанд автаж, олны элэг доог, шившиг болсныг санууштай. Нэг ажлаа амжилтгүй гүйцэтгэсэн компанид дараагийнхаа бүтээн байгуулалтыг хийх эрх олгосон нь ийм завхрал руу хөтлөөд байгаа ч юм бил үү.
НЭЭСЭН ӨДРӨӨ ТАРАА ТАНИУЛСАН ГҮҮР
Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд нээсэн, “Алтай” хотхон болон Нарны хорооллыг холбосон гүүрэн гарц төлөвлөлтийн зураг төслөөсөө маш их зөрүүтэй. Уг нь татварын төлөгчдийн 1.2 тэрбум төгрөгөөр үүнийг барьсан. Харамсалтай нь, төсөвтөө дөхөж очихооргүй улаан “амбаар” тавьчихсаныг иргэд шүүмжилсээр байгаа. Бас гарц ашиглалтад оруулсан өдрөө л шалгалтад бүдэрч, том оврын машин доогуур нь гарч чадалгүй гацаж, олныг гайхшируулж байв. Гол шалтгаан нь зураг төсөлд тусгасан өндрийн хэмжээг “идсэн”-тэй холбоотой гэж мэргэжлийн хүмүүс хэлж байсан юм. Мөн зарим инженер гүүрний гагнуурын ажилд “дүн тавиад”, “Нурах эрсдэлтэй” хэмээн оношилсон талаарх мэдээлэл ч нийгмийн сүлжээнд тархсан. Гэвч албаныхан эл асуудалд одоо хүртэл тайлбар өгөөгүй, тухайн хэсэгт оршин суудаг иргэд аюулгүй гарцаар зорчиж буй, эсэхээ ч мэдэхгүй байна.
Тэрбумын өртөгтэй гүүрэн гарц яагаад зураг төслөөсөө зөрүүтэй байгааг асууж лавлахад гүйцэтгэгч “Энх бизнес өгөөмж” компанийн төлөөлөл “Гүүрэн гарцын ажил бүрэн дуусаагүй. Дулааны улирал эхлэхээр тохижилтын ажлаа хийнэ” хэмээж байлаа. Ийнхүү амласнаас нь хойш бүхэл бүтэн зуны улирал өнгөрчхөөд байхад гоёж гоодсон зүйл алга. Бахь байдгаараа л байсаар бүтээн байгуулалтын улирал шувтрах бололтой.
АЖИЛЛАДАГГҮЙ УСАН ОРГИЛУУР, ТОХИЖООГҮЙ ТУУЛЫН ЭРЭГ
2021 оны дөрөвдүгээр сар. Нийслэлийн иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бүрдүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Богдхан уул, Туул голын зарим байршилд тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхээр болов. Үүний хүрээнд Сонсголонгоос Баянзүрхийн гүүр хүртэлх хэсгийг хамарсан, Туул голын эрэг дагуух 27 км газрын 15 байршилд тохижилт хийхээр төлөвлөсөн талаар нийслэлийн холбогдох албаныхан мэдээлж байлаа. Ингэхдээ Туул голын эрэг дагуу сагсны, хөл бөмбөгийн, тоглоомын талбай, автомашины зогсоол, дугуйн болон явган хүний зам, задгай театр зэргийг барихаар төлөвлөснөө танилцуулж, уламжлал ёсоор маш гоё зургууд үзүүлсэн юм. Гэтэл голын эрэг дагуух хэсгүүдэд хэдэн сандал, сүүдрэвч, зам тавьсныг эс тооцвол тохижуулсан гэж дүгнэхээр зүйл үлдээгүйг бид одоо харж байна. Энэ бол хотын даргаар Д.Сумъяабазар ажиллаж байх үеийн мөрөөдөл.
Түүнчлэн нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы автортой нэгэн бүтэлгүй бүтээн байгуулалт Улаанбаатарт байгаа нь төв талбайн усан оргилуур. Усан оргилуурыг ашиглалтад оруулаад хэдийн дөрвөн жил өнгөрсөн боловч нийслэлчүүд одоо хүртэл “ид шид”-ийг нь үзсэнгүй. Хааяа нэг оргилж үзүүлдэг хэдэн сарайсан төмөр л төв талбайн урд үлджээ. Төв талбай орчмыг ингэж “бохирдуулахдаа” татвар төлөгчдийн гурван тэрбум гаруй төгрөгийг зориулсан юм. Мэдээж ажил эхлүүлэхдээ төв талбайгаа маш гоё болгох зураг төсөл харуулж байлаа.
ЦААШИД Ч ХУУРАХ ЗУРГУУД
Энд тэнд хийнэ гэж танилцуулсан ажлуудын зураг төслийг жинхэнэ утгаар нь хөрсөнд буулгасан бол Улаанбаатарын өнгө төрх одоогийнхоос тэс өөр байна. Гэвч гүйцэтгэл нь таг зогсдог. Эсвэл хийсэн ажил нь батлагдсан зургаасаа огт өөр болж хувирдаг учраас хотын өнгө төрх ер сайжирсангүй. Дээр дурдсан жишээнүүд бол ядаж ул мөр нь үлдсэн ажил юм. Нөгөөтээгүүр, гоё зураг хийчхээд огт хэрэгжүүлээгүй, ул мөр ч үлдээгүй нь цөөнгүй бий. Жишээ нь, Урт цагааныг шинэчилнэ гэж хэдэн ч удаа зураг төсөл боловсруулав. Үүний хүрээнд уралдаан ч зарлаад амжсан. Гэвч алийг нь ч хэрэгжүүлээгүй. Төв цэнгэлдэх хүрээлэн ч ийм замыг туулаад ирсэн. Хүрээлэнг шинэчлэх талаар одоо ч ярьсаар байгаа. Тэгэхээр удахгүй дахин нэг шинэ зураг гарч ирэх магадлал тун өндөр гэсэн үг. Бас Сэлбэ голын эргийг тохижуулна гэж боловсруулсан зураг төсөл өчнөөн бий.
Ийм маягаар нийслэлийн иргэд хууртагдсаар, дарга нар ч худлаа ярьсаар байна. Хамгийн гол нь тэр хэрээр төсвийн мөнгө урссаар буй юм. Ийм явдал цаашид ч давтагдаж мэдэхээр байгааг анхааруулъя. Жишээ нь, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажил албан ёсоор эхэлснийг хотын дарга Х.Нямбаатар танилцуулж, маш гоё зураг харуулаад амжсан. “Бид 158 га талбайд 12 мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Уг ажлын эхлэл болгож Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 13 га талбайд барилга угсралтын ажил хийх тендер зарлалаа. Төлөвлөж буй 13 га талбайд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, 10 блок есөн давхар орон сууц, найман блок таван давхар орон сууц, хоёр болон 12 давхар үйлчилгээний барилгууд барина” гэж тэрбээр “мөрөөджээ”.
Бас Урт цагааныг тохижуулна гээд хашаа татаад орхичихлоо. Татсан хашаан дээрээ Урт цагааныг төрөл арилжуулахаар гоё зураг наасныгдэргэдүүрньяваахүнбүрхардаг. Зунжин зүгээр сууснаа хүйтний ам наашлах дөхсөн, бас орон нутгийн сонгууль ойртсоныг тохиолдуулаад гэнэт л ажлыг нь эхлүүлчхээд буй. Үүнд нийслэлийн төсвийн 44 тэрбум төгрөгийг зарлагадаж буйг иргэд байнга санаж, хяналтаа тавих ёстой. Учир нь нэг л өдөр огт өөр зүйл, тэр байтугай өндөр барилга барьчихаж ч мэдэх эрсдэлтэй хотод бид амьдарч байна. Хамгийн хачирхалтай нь буруутай этгээдүүд хариуцлага хүлээсэн нэг ч жишээг бид харсангүй.