Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодот¬голтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Улс төрд “крандуулж” хөл тавьсан гэдгээ албан ёсоор зохиомжлон баталсан хүн бол УИХ-ын гишүүн Э.Болормаа. Тэрбээр 2024 оны сонгуулийн II тойрогт МАН-аас нэр дэвшихдээ цоож цуургатай монгол гэрийн тооноор орж, бусдад хаалга нээж өгч буй эрэлхэг нэгний дүрд өөрийгөө тоглуулсан нь ийн дүгнэхэд хүргэсэн билээ. “Тооноор орсон ч хаалга нээсэн Болормаа” гэсэн тайлбартайгаар уг бичлэгээ түгээж байв. Хүний тэргүүнтэй зүйрлэн бэлгэшээж, дээгүүр нь алхах, гишгэхийг хүртэл цээрлэдэг өрх гэрийн тооноор орсон нь аймгийн Засаг даргын хувьд мэдрэмжгүй, ёс зүйгүй үйлдэл гэдгийг ойлгоход тийм ч хэцүү биш. Гэвч баруун аймгийнхан түүнд итгэл хүлээлгэж, анхны 126 гишүүнтэй парламентад төлөөллөө болгон илгээсэн юм.
Э.Болормаа эдийн засагч мэргэжилтэй. АНУ-ын Орегоны их сургуульд энэ чиглэлээр суралцаж төгсөөд 2015-2020 онд Дэлхийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, НҮБ-ын Уур амьсгалын санд шинжээч, мэргэжилтнээр ажилласан гэж түүний намтарт өгүүлдэг. Харин 2021 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар томилогдсоноосоо хойш жил гаруйн дараа Ховд аймгийн Засаг дарга болсон. Ерөнхий сайд өмнөх удирдлага Б.Дүгэржавыг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд “өөрийн хүн”-ээ шууд томилсон нь энэ байв. Эл томилгоо нь Үндсэн хууль төдийгүй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөнийг олон нийт шүүмжилсэн ч Засгийн газар “Монгол Улс аймгийн анхны эмэгтэй Засаг даргатай боллоо” гэдэг пиараар хууль бус шийдвэрээ хамгаалж, хаацайлаад өнгөрсөн юм. Э.Болормаа Ховд аймгийн Засаг даргаар ажилласан хоёр жил орчмын хугацаандаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг гавьтай урагшлуулсан, эсэхийг мэдэхгүй ч орон нутгийн иргэдтэй нэгдсэн ойлголт, зөвшилцөлд хүрэх нэрийн дор баруун аймгийн сонгогчдын санал, дэмжлэгийг өөрийн зүгт эргүүлсэн нь гарцаагүй билээ.
Хууль зөрчиж дарга болсноо мэддэг, хүлээн зөвшөөрдөг хүн ахиад хууль зөрчихөөс сийхгүй гэж олон нийт түүнийг шүүмжилсэн. Тэгвэл өдгөө тэр оффшор бүс дэх гадаадын компаниас сонгуулийн үеэр хандив авсан байж болзошгүй хэрэгт шалгагдаж байна. Түүнийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад бүртгэлтэй “Кью Жи Экс холдинг лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд эксплорэйшн” компаниас 30 сая төгрөгийн хандив авсан хэмээн нэгэн иргэн гомдол гаргасны дагуу цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Хэрэв тэр хууль бус хандивыг буцаан шилжүүлэхгүйгээр зарцуулсан нь тогтоогдвол Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ болон Ерөнхийлөгчид өргөн барьсан, гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдийн жагсаалтын Э.Болормаад холбогдох хэсэг хүчингүй болно, одоогийн албан тушаалаас нь эгүүлэн татах үндэслэл бүрдэнэ хэмээн өргөдөл гаргасан иргэн гэгдэх хуульч мэдээлсэн. “Онцгой хамгаалалт”-д байдаг, дээрээ “кран”-тай хүнийг суудлаас нь мулталж чадах уу гэдэг нь энэ цаг үед томоос том асуултын тэмдэг болж байна. Тэр Ерөнхий сайд хийгээд Засгийн газрыг шүүмжилсэн хэн бүхэнтэй амь хайргүй тэмцдэг “хамгаалагч”. Хятадын “Huawei” компанитай мэдээллийн технологийн салбарт хамтарч ажиллах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн УИХ-ын гишүүн Ч.Анарыг тэрбээр “жудаггүй” хэмээн шүүмжилсэн бол Ерөнхий сайдыг огцруулах өргөдөл гаргасан Ч.Лодойсамбууг “Гадаадынхны захиалгаар ажилладаг” гэж буруутгасан. Тооноор орж ирсэн улс төрч л ийм “тэнэг” зоригтой, өөртөө итгэлтэй, юу ч хийхээс буцдаггүй байх гэлтэй.
Н.Мишээл