Улс төрийн намын тухай шинэчлэн найруулж баталсан хуульд нийцүүлж намууд үндсэн дүрэм, хөтөлбөр, дотоод бүтцээ өөрчлөн, Дээд шүүхэд бүртгүүлэх хуулийн хугацаа арванхоёрдугаар сарын 31-нд дууссан. Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 29 нь хуулийн хугацаанд материалаа ирүүлснийг бид мэдээлсэн билээ. Мөн тухайн үед ганцхан Иргэдийн оролцооны нэгдсэн намыг л бүртгэсэн байв.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, МАН, АН, МҮАН, Их эв, ИХ гэсэн таван намын үндсэн дүрмийг бүртгэжээ. Мөн МАН-ын даргаар Н.Учралыг албан ёсоор бүртгэж авсан байна. Өнгөрсөн хугацаанд улс төрийн зарим нам дээд тал нь таван удаа өргөдөл илгээж, 3-4 татгалзсан хариу авч, заримыг нь буцаасан. Тэгвэл МАНынхан ганцхан удаа материалаа өгөөд л шууд “тэнцсэн” нь энэ. “Эрх баригч намыг хүлээгээд, бусад улс төрийн хүчний өргөдлийг шүүх хэлэлцэхээ хойшлуулаад байна” гэсэн хардлага ч гарч байлаа. АНын хувьд эхний хүсэлтийг нь буцааж, хоёр дахь удаадаа ийнхүү бүртгүүлжээ. Ингээд шинэ дүрэм, хөтөлбөртэй намын нийт тоо одоогоор зургаа болов.
Мөн дээрх хуралдаанаар Миний Монгол намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэх ажлыг хойшлуулсан байна. Учир нь уг өргөдлийг илтгэх шүүгч хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд оролцоогүй гэнэ.
С.Уул