Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлаар 2026 оны эхний хагас жилд хэлэлцэх асуудлын жагсаалт болон Хөдөлмөрийн арбитрчийн нэрсийн жагсаалт батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Мөн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулснаа мэдээлэв. Хэлэлцээрийг хөдөлмөр эрхлэгч иргэн бүрийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн, нийгмийн түншлэл, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг тууштай дэмжих, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай хамтран ажиллах зарчмаар боловсруулах аж.
Үндэсний хорооны 2023 оны 08, 09 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн зуучлагч, арбитрчийн орон тоог баталсны дагуу улсын хэмжээнд өдгөө зуучлагч 61, арбитрч 77 ажиллаж байгаа гэнэ. Эднээс нийслэлд хөдөлмөрийн долоон арбитрч ажилладаг нь олон маргааныг шийдвэрлэхэд хүндрэл үүссээр иржээ. Иймд хөдөлмөрийн асуудлаар мэргэшсэн, хуулийн шаардлага хангасан 18 арбитрчийг нийслэлд нэмж ажиллуулахаар болсон байна.
М.Гэгээ