АНУ-ын Хөдөө аж ахуйн сайд Брүүк Роллинс “News nation” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр иргэддээ хандан нэгэн хоолны цэс санал болгосон нь шүүмжлэл дагуулжээ. Тодруулбал, “Ганц тахианы мах, брокколи, эрдэнэ шишийн бингээс бүрдсэн хоолны өртөг гурван ам.доллар. Энэ нь дундаж орлоготой америк хүнд тохиромжтой төдийгүй мөнгөө хэмнэх арга байж болох юм” хэмээсэн аж. Эл бичлэг цахим орчинд түгсэний дараа АНУ-ын иргэд түүнийг амьдралаас тасарсан, хэтэрхий доромжилсон хандлага гаргалаа хэмээн “шоолсон” юм. Тус улсын Тээврийн сайд асан Пит Буттижигийн нөхөр Честен Глезман Буттижиг “X” хаягтаа “Тэд баячуудад тийрэлтэт онгоц, татварын хөнгөлөлт олгочхоод жирийн иргэдэд брокколи, бин идэхийг санал болгож байна” гэсэн бол Колумбийн их сургуулийн Сэтгүүл зүйн багш Марлоу Стерн “Та нар шоронгийн хоол идэх ёстой гэх санаа хүргэх нь тийм ч оновчтой биш”, Ардчилсан намын стратегич Женнифер Холдсворт “Бүхэл бүтэн бин шүү дээ” хэмээн ёжилсон аж.
АНУ-ын Хөдөө аж ахуйн болон Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам хамтран тодорхой хугацаанд иргэддээ зориулан “Хоол тэжээлийн удирдамж” боловсруулдаг юм байна. Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн бодлогын суурь нь болдог аж. Уг шинэ удирдамжийн агуулга нь уураг, сүүн бүтээгдэхүүн, эрүүл өөх тос түлхүү хэрэглэж, бүхэл үр, нүүрс ус агуулсан хүнсээ багасгахыг зөвлөжээ. Үүнийг хэвлэлүүдэд “Хоол тэжээлийн пирамидыг урвуу харууллаа” гэж бичиж байна. АНУ-д өнгөрсөн сард инфляц 2.7 хувьтай буюу харьцангуй тогтвортой гарсан ч өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр хэвээр буй. Тухайлбал, үхрийн татсан мах 15.5, хөлдөөсөн загас, далайн бүтээгдэхүүний ханш өмнөх оны мөн үеийнхээс 8.6 хувиар өссөн гэнэ. Эрүүл мэндийн шинжээч Лорен Болл, Эмили Бурч нарын үзэж байгаагаар хоол тэжээлийн эл удирдамжийг боловсруулахдаа хүмүүсийн нийгэм, эдийн засгийн байдлыг огтхон ч харгалзаагүй төдийгүй бага орлоготой иргэд, орон нутгийнханд эрүүл хүнс хүртээмжгүй байна хэмээн “The Independent” сонинд бичжээ.