Монголын хөрөнгийн бирж Үнэт цаасны үнийн индекс тооцох журмын дагуу оны эхэнд ТОП-20 индексийн сагсаа шинэчилж танилцуудаг. Энэ оны өөрчлөлтөөр өмнөх сагсанд багтаж байсан 18 компани хэвээр үлдэж, “Ард кредит ББСБ”, “Монгол шуудан” хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр”, “Эм жи эл акуа” ХК нэмэгдэн орж ирсэн байна. Тус индексийн багцыг бүрдүүлэхдээ хөрөнгийн биржид бүртгэлтэй бүх компанийг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ гэсэн хоёр үзүүлэлтээр хамгийн өндөр гүйцэтгэлтэй гарсныг нь сонгодог.
“Вояж” цэвэр усыг үйлдвэрлэгч “Эм жи эл акуа” ХК 2024 онд анхлан хувьцаагаа нээлттэй арилжаалж эхэлсэн бол 2026 онд хөрөнгийн биржийн жишиг индекст ийнхүү багтлаа. Харин 2024 онд индексийн сагснаас хасагдаж байсан “Улсын их дэлгүүр” ХК хоёр жилийн дараа ТОП-20-д эргэн “иржээ”. 2025 оны эцсийн байдлаар ТОП-20 индексийн компаниудыг зах зээлийн үнэлгээгээр тооцвол 65.2 хувийг банк санхүүгийн салбар, 16.8 хувийг аж үйлдвэр, 16.1 хувийг уул уурхайн компаниуд тус тус эзэлж байна.
Г.Сансар