Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 16 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 33 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуулийн зургаа, тогтоолын дөрвөн төслийг тэд гараас гаргасан аж. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, төслийг боловсруулан нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлуулсан байна. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулсан.
Хууль, тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн хүрээнд Хууль зүйн байнгын хороо “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилт, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага” сэдэвт болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг явуулсан байна. Иргэдээс тус байнгын хороонд нийт 36 өргөдөл, гомдол ирүүлснийг шийдвэрлэжээ.