“Өнө мөнхийн молор эрдэнэ ” тусгай үзэсгэлэнг Монголын үндэсний музейд олны хүртээл болгож байна. Эл үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалж буй цуглуулга болон “Мандала бурхан шашны төв”-ийн тэргүүн, “Монгол их цам” төслийн удирдагч, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Батбаярын хувийн цуглуулгаас дээжлэн монголчуудын адууны соёлын бэлгэдэл, морины шүтээнийг цогцоор нь дэлгэж буйгаараа онцлогтой. Ингэхдээ монголчуудын уламжлалт амьдрал, төрт ёс, шашин шүтлэг, ахуй соёлд морь ямар байр суурь эзэлсээр ирснийг эдийн болон оюуны соёлын үзмэр, эд өлгийн зүйлсээр дамжуулан тайлбарлан таниулахыг зорьжээ. Ирэх сарын 1-нийг хүртэл толилуулах тус үзэсгэлэнд адууны соёлтой холбоотой шүтээн зураг, шашны эд өлгийн зүйлс, уран баримал зэрэг ховор нандин бүтээл болон морины тоног хэрэгсэл тэргүүтэй 200 гаруй үзмэр дэлгэсэн аж.
Монгол хүний сэтгэхүйд морь нь хурд, хийморь, эрх чөлөө, хүч чадлын илэрхийлэл байсаар ирсэн. Монголчууд хүлэг морийг төрийн долоон эрдэнийн нэг хэмээн дээдэлж, молор эрдэнийн хүлэг гэж бэлгэдэн шүтэж ирсэн уламжлалтай билээ.
Э.Сондор